Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбаяр: Шатахуун 40 хоногийн нөөцтэй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 бензин тонн тутамдаа 58 доллараар бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг  бид буулгана.

Тодорхой хэмжээний гурван сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1,830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан байна. 

УУХҮ-сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож бид бүхэн ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэв. 

Улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  •  А-80 авто бензин 91 хоногийн нөөц ;
  •  АИ-92 авто бензин 33 хоногийн нөөц;
  •  Дизелийн түлш 39 хоногийн нөөц;
  •  ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

 Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна.

Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн АИ-92 авто бензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 авто бензин 110 төгрөг, АИ-92 авто бензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, АИ-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.