Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдвартай холбоотой хийсэн ХЯЗГААРЛАЛТУУД (2020.03.10)

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
COVID-19 халдвартай холбоотой хийсэн ХЯЗГААРЛАЛТУУД (2020.03.10)
Sara, ikon.mn - text to speech

COVID-19 халдварын анхны тохиолдол Франц улсын иргэнээр зөөвөрлөгдөн 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад бүртгэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс өчигдөр 11 дэх удаагаа хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргасан.

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа, Засгийн газар, Улсын Онцгой болон Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан хорио тогтоох тухай шийдвэрүүдийг нэгтгэн хүргэж байна.

Шинээр гаргасан шийдвэр:

НЭГ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд хязгаарлалт хийж, ажлын өдрүүдэд 600 орчим, амралтын өдрүүдэд 500 орчим автобусыг явуулахаар шийдвэрлэв. Энэ хүрээнд нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эримжүүлээд байна.  

 
Гэрэл зургийг mpa.mn

ХОЁР. Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоов.

 
Гэрэл зургийг mpa.mn

ГУРАВ. Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.

Мөн Монгол, Оросын авто замын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний 20:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

ДӨРӨВ. Монгол Улс болон ОХУ, Турк, Казахстан улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 11-н буюу өнөөдрийн 12:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.

 

Хугацаа, цагийн хувьд өөрчлөлт орсон газрууд:

ТАВ. Бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглоод байсан бол гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 
Гэрэл зургийг mpa.mn

ЗУРГАА. Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, фитнес, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан юм.

Тэгвэл Нийслэлийн Онцгой комисс Хүнс, ахуйн барааны худалдаа, халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргав. 

Энэ хугацаанд нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрч буй.

 
Гэрэл зургийг mpa.mn

ДОЛОО. Нийслэл дэх 321 сүм, хийдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл бүрэн хаав.

 
Гэрэл зургийг mpa.mn

НАЙМ. Нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид албан томилолтоор болон хувийн ажлаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гадаад улс орнуудад зорчихгүй.  

 
Гэрэл зургийг MPA.mn

ЕС. Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын боомтоор Хятад руу зорчих монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэмийг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгаад байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

АРАВ. Япон, Монголын хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр зогсоогоод байсан бол энэ хугацааг гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгаад байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

АРВАННЭГ. БНСУ,  Монгол Улс хоорондын хоёр талын нислэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал түр зогсоогоод байсан бол уг шийдвэрийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгасан. 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.