Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал хоёрдогч хавьтал болсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, гэрт нь тусгаарлана"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яам коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Дорноговь аймагт илэрсэн COVID-19-ийн тохиолдол нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.

Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан.

Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийн дагуу түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж, Дорноговь аймгийн мэргэжлийн багийг томилсон.

Үүний зэрэгцээ тухайн тохиолдолтой хавьтаж, ойртсон хүмүүсийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн байсан. Энэ судалгаагаар Улаанбаатар хотод байрлах түүний ажлын байрны үйлчилгээнд өртсөн 43 тохиолдлыг илрүүлэн шинжилгээний хариу гартал гэрт нь тусгаарлаж ажиглалтад авсан байсан.

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ойрын хавьтал болсон 60 хүнийг ч тэнд нь тусгаарлалтад оруулсан. Аймгаас тусгаарласан хүмүүс дээр аймгийн мэргэжлийн баг очиж ажилласан. Батлагдсан тохиолдлын шинжилгээг давтан хийнэ.

Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана.

Гэхдээ энэ хүнтэй хавьтал болсон хүмүүсээс ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдол одоогоор байхгүй" гэв.

Мөн тэрбээр "Халдвар авсан хүнтэй ойртсон хүнээс гадна хавьтлын хавьтал гэж гарч ирнэ. Хоёрдогч буюу хавьтлын хавьтлыг бид эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал гэрт нь ажлаас нь чөлөөлж тусгаарлаж ажиглалтад авна.

Энэ ажиглалтад байх хүний тоо урьдчилсан байдлаар 300 орчим байна. Тиймээс маш дэг журамтайгаар ажиглалтад орох хэрэгтэй. Иргэдэд хандаж хэлэхэд, хэрвээ тухайн халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаж, ажиглалт аван шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй" гэдгийг онцлон хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.