Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Өмнөд Солонгост 131, Хятадад 19 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн коронавирусийн тархалтын төв болсон Хятад, Өмнөд Солонгос улсуудад өдөр тутам илэрдэг шинэ халдварын тоо буурсаар байна.

Өчигдөр буюу Даваа гарагт Хятадын эх газарт халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн 17 нь Covid-19 вирусийн тархалтын голомт Ухань хотод илэрсэн бол Бээжин хот, Гуаньдун мужид тус бүр нэг гадаадаас орж ирсэн тохиолдол илэрсэн байна.

Британиас Бээжинд ирсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн бол Испаниас Гуаньдун мужид ирсэн оюутнаас мөн халдвар илэрчээ.

Өчигдөр нийт 17 өвчтөн нас барсан нь бүгд Хубэй мужид бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн тоо баримтыг тооцвол сүүлийн гурван өдөр дараалан Ухань хотын гадна Хятадын нутагт дотоодод халдварласан тохиолдол илрээгүй юм.

Хятад даяар Covid-19 вирусийн халдварын нийт 80,754 тохиолдол бүртгэгдэж, 3,136 өвчтөн нас бараад байна.

Ази тивд коронавирусийн тархалтын шинэ голомт болоод байгаа Өмнөд Солонгост өчигдөр халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоог 7,513-д хүргэжээ.

Энэ нь сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт илэрсэн хамгийн бага тоо юм. Өмнөд Солонгост Covid-19 вирусийн халдвараар нас барсан хүний тоо нийтдээ 54 байгаагийн ихэнх нь өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүс байна.

Нийт халдварын 63 хувь нь тус улсын дөрөв дэх том хот Дэгүгийн Шинчёнжи сүмийн гишүүдээс илэрсэн юм. Өчигдрийн 131 тохиолдлын 92 нь Дэгү хот, 10 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид бүртгэгджээ.

Нийслэл Сөүл хотод өчигдөр халдварын 11 шинэ тохиолдол илэрч, нийт тоог 141 болгосон байна.

 

Эх сурвалж: Yonhap News, South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.