Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тосны үнэ буурахад Монгол Улсад шатахууны үнэ дагаад буурах юм"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Саудын Араб улс газрын тосныхоо үнийг бууруулах томоохон шийдвэр гаргасан нь коронавирусийн халдвартай холбоотойгоор эрэлт нь буураад байсан уг түүхий эдийн үнийг улам буурах нөхцөлийг бүрдүүлэв.  

Дэлхийн газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох ОПЕК-ийн хайгуулаа бууруулах тухай хэлэлцээг ОХУ дэмжээгүйгээс Саудын Араб ийм шийдвэрт хүрчээ. Улмаар газрын тосны дэлхийн зах зээл дээрх ханш 1991 оноос хойш анх удаа 25% буурч, гуравдугаар сарын 9-ний байдлаар брэнт тосны үнэ баррель нь 33.89 ам.доллар болов. 

Дэлхийн газрын тосны 15 хувийг хэрэглэдэг БНХАУ-д 2020 оны нэгдүгээр сард шинэ коронавирусийн халдвар гарсны улмаас газрын тосны эрэлт буураад байсан билээ. Үүнтэй холбоотойгоор уг түүхий эд үнэ унаж эхлээд байсан юм. Тэгвэл үнийн энэхүү өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "Дэлхийн зах зээл дээрх үнийн хөдөлгөөнийг дагаад энэ сард газрын тосны үнэ тодорхой хэмжээнд буурч орж ирэх ч яг одоогоор хэд байх нь тодорхойгүй байна. Учир нь ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг дагаад үнийн бууралт тийм ч өндөр байхгүй болов уу. Тухайлбал, ам.долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдэхэд шатахууны үнэ литр тутамдаа 70 төгрөгөөр өсдөг. Нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд нэг сарын шатахууны нөөц нь байгаа. 

Өчигдрөөс Саудын Арабын шийдвэртэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 35 орчим долларт хүрлээ. Үнийн энэ нөлөөлөл манай улсад дөрөвдүгээр сард орж ирэх шатахуун дээр мэдрэгдэнэ.

Манай зүгээс аж ахуйн нэгжүүдэд хяналтаа тавиад явж байгаа. Газрын тосны үнэ буурахад Монгол Улсад шатахууны үнэ дагаад буурах юм" гэлээ. 

АМГТ-ны газраа үнийн талаар энэ долоо хоногт мэдээлэл хийх бөгөөд энэ үеэрээ хэджингийн талаар мөн ярих юм байна.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.