Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй

www.mongolianminingjournal.com
2020 оны 3 сарын 9
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Алдарт “Оддын Дайн” киноны ая эгшиглэхэд дэлгэцнээ “Уурхайчдын өшөө авалт” гэх бичвэр дээш урсан тодров. Уул уурхайн магнат Роберт Фрийдланд өөрийн  илтгэлээ ийн өвөрмөцөөр эхлүүлжээ. Даваа гаригт (2020.03.02)Торонто хотноо эхэлсэн “PDAC 2020“ чуулганаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч тэрээр илтгэлдээ зэсийн болон платинумын бүлгийн металын ирээдүй хэрхэн өнгөтэй байгааг тодорхой танилцуулсан байна.

Дэлхийн улс орнуудын удирдагчид уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь үндсэн металууд болох зэс, платинумын бүлгийн металууд, никель, цайрын олборлогчдод ихээхэн дэмжлэг болж байна гэдгийг Фрийдланд тэмдэглэжээ. “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Берни Сандерс болон Конгрессын гишүүн Александриа Окасио Кортез нарын "Шинэ Ногоон хэлэлцээр" -ийн төсөлд нийтдээ 20-90 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж буйг  Засгийн газрууд байгаль орчинтой холбоотой ажлуудад хөрөнгө оруулж эхэлсний жишээ болгов.

Фрийдланд “2020 оны  нэгдүгээр сар нь сүүлийн 141 жилийн хамгийн “дулаан сард” тооцогдсон бөгөөд агаарын бохирдол нэмэгдсээр байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Хэрэв дараагийн зуун жилд дэлхийн дундаж хэм гурван хэмээр дулаарвал Орос эсвэл Канадад амьдардаг хүмүүст тийм ч муугүй сонсогдож мэднэ. Гэхдээ агаарын бохирдол бол яг одоо танд тулгарч буй бэрхшээл мөн. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жилд 5 их наяд ам.долларын зардал гарч, 7 сая хүн эндэж байна. Энэ бол коронавирусээс илүү ноцтой зүйл. Таны амьдрах хугацаанд дэлхийн нийт хүн амын 68% нь буюу 6.8 тэрбум хүн хот суурин газарт амьдардаг болно” гэж ярьжээ.

Хүлэмжийн хий ихээр ялгаруулж, хотын агаарыг бохирдуулж буй дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашиныг цахилгаан машинаар солих үйл явц нь уул уурхайн компаниудын хувьд ихээхэн боломж гэж тэрээр үзэж байна. Газрын тос бол хүн төрөлхтний хамгийн том бизнес бас хамгийн том төсөл.  Дотоод шаталт хөдөлгүүр бүхий автомашины үйлдвэрлэл ид хүчээ авч байх үед үүнээс хамгийн их ашиг хүртсэн нь машин үйлдвэрлэгчид бус газрын тосны Жон Дэйвисон Рокфеллер тэргүүтэй магнатууд байсныг ч сануулжээ. 

Ирэх арван жилийн сүүлээр Европд цахилгаан машины борлуулалт жилд 7.7 саяд хүрэхээр байна. Харин үйлдвэрлэлд шаардлагатай гол металуудын эрэлтийн өсөлт хараахан эхлээгүй. Засгийн газрууд дэлхий даяар цахилгаан машины хэрэглээг хэрхэн нэвтрүүлж байгааг илтгэлдээ онцоллоо. Тухайлбал, Их Британид автобус, галт тэрэг, харин Нью-Йорк хотод хог тээвэрлэдэг машиныг хүртэл цахилгаан горимд шилжүүлсэн нь маш том дэвшил. Коронавирусын дэгдэлтийн нөхцөл байдлаас зэс үйлдвэрлэгчдэд ирэх тодорхой боломжийг Фрийдланд олж харжээ.Зэс гадаргуу нь бактерийн эсрэг шинж чанартай тул яваандаа бүхий л эмнэлгийн эд хэрэглэлийг зэс болгох боломжтой ажээ. АНУ-ын цэргийн эмнэлгүүдэд ийм шаардлага тавигдаад буй. Цаашлаад хөлөг онгоц, нисэх онгоцны буудал, фитнесс зэрэг газарт ийм төрлийн хэрэглээний эрэлт нэмэгдэх магадлалтай байна.  

 

Зэсийн хэрэглээ өсөх дүр зураг тодорч байгаа ч одоогоор зэсийн ордуудын хүдрийн агуулга буурч, ордын нээлт ч цөөрч буйг “Бид нийлүүлэлтийн бууралттай тулгарах гэж байна. Хүн төрөлхтөн түүхийн туршид нийт 600 орчим сая тонн зэс олборлосон байдаг. Хэрэв бид дэлхийн ДНБ-ийн өсөлтийг ирэх 20 жилд жил бүр 3%-иар өснө гэж харвал энэ хугацаанд 600 сая тонноос ч их зэс олборлох шаардлагатай болно” гэж ярив.

Эдүгээ зэс нь цахилгаанжуулалт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Платинумын бүлгийн металуудын ач холбогдол ч мөн үүнээс дутахгүй. Ялангуяа платинумын оролцоогүйгээр устөрөгчийн түлш үйлдвэрлэх технологи одоохондоо байхгүй учир тухайн түүхий эдийн эрэлт өндөр байгаа юм.

Хятад улс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаарын чанарын хатуу стандарт баримталж байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр палладийн үнэ тэнгэрт хадахад хүргэжээ. Учир нь палладийг автомашины хөдөлгүүрийг цэвэрлэхэд ашигладаг. Палладийн ханш өсөлтөөрөө родиг (цагаан алтны бүлгийн метал) эс тооцвол бусад бүх металыг тэргүүлж байна.

Хүний эрүүл мэндэд ээлтэй зүйл зах зээлийн үнэнхүү өсөлтийг авчирдгийг Фрийдланд цохон тэмдэглэв. Жишээ нь, “Volkswagen” компани дизель хөдөлгүүртэй машины хорт утаа саармагжуулагч тус бүрт роди ашигладаг байна. Өнөөдөр тус түүхий эдийн шууд худалдааны үнэ нь унц тутамд 12 мянган ам.доллараас давжээ.

Фрийдланд “Хэрэв би жилийн өмнө танд хандан “Роди худалдаж ав, ирэх жил гэхэд үнэ нь арав дахин өснө” гэж хэлсэн бол намайг галзуурсан гэж бодох байсан биз. Гэхдээ бид өмнө нь молибидений үнэ нэг фунт нь 1 ам.доллараас 30 ам.доллар болж өссөнийг харсан. Зарим өөдрөг шинжээчид зэсийн үнэ фунт тутамд 2 ам.доллараас 4 ам.доллар болж өсөх  магадлалтай гэж ярьж байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг ойлгохгүй байгаагийн шинж.

Дэлхий дахин коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн удаашралаас гарах үед, улс орнуудын Засгийн газар бидний амьсгалж буй агаарыг илүү цэвэр болгох, цахилгаан үйлдвэрлэх арга замыг өөрчлөхөд томоохон хөрөнгө оруулалт хийх үед зэсийн ханш өөдрөг төсөөллөөс ч хол давахыг та харах болно” гэж илтгэлээ төгсгөсөн юм.

Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан “Айвенхоу Майнз” компани нь Конго дахь зэсийн “Камоа-Какула”, цайр, зэсийн “Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын “Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байна.

Б.Золцагаан

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.