Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдварын улмаас гадаадад хагалгаанд орох боломжгүй болсон хүүхдүүдийн ээжүүд тусламж хүслээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй төрөлхийн зүрхний гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүдийн ээжүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

БНХАУ-д СOVID-19 халдвар тархсаны улмаас хүүхдүүд товлогдсон хагалгаандаа орох боломжгүй болоод байгаа аж.

"Миний хүү Т.Билэгтийг ихэртэйгээ ижилдэн өсөхөд туслаач"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Т.Билэгт хүүгийн ээж В.Урантуяа хэлэхдээ “2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр мэндэлсэн ихэр хүүгийн маань нэг Т.Билэгт төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн.

Тодруулбал, хүү минь гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй.

Бид нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Уг нь өнгөрсөн сарын 4-нд Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн халдвар гарч хөл хорио тогтоосны улмаас явах боломжгүй болсон.

Одоо Турк улс эсвэл Энэтхэг улс руу хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр, дунджаар 60-70 сая төгрөг хэрэгтэй болж байна.

Тиймээс сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж, бидэнд туслаач хэмээн гуйж байна. Бяцхан хүүгийнхээ зүрхийг аврахад туслаач.

Миний хүү Т.Билэгтийг ихэртэйгээ ижилдэн өсөхөд туслаач гэж гуйж байна” гэв.

Мөн тэрбээр “Хөх хотод товлогдсон хагалгаа нь "Энержи ресурс" компаниас зардлыг даах байсан юм. Хагалгаа цуцлагдаагүй, хойшилсон. Мөн эмч нар 4-5 сард энэ өвчин намжихаар аль боломжтой руугаа явж болно гэсэн зөвлөмж өгч байна. Гэхдээ тэр хугацааг хүлээхэд хүндрэлтэй байна. Хүүгийн минь бие өдөр ирэх тусам муудаж байна” хэмээн онцлов.

Т.Билэгт хүүгийн ээж В.Урантуяатай холбогдох Утас: 80805061

Хандивын данс: Хаан банк-5052016162

"Хагалгаанд л орчихвол миний охин эдгэрэх 100 хувь магадлалтай"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Б.Аззаяа охины ээж М.Янжиндулам “Миний охин Б.Аззаяа 2019.04.19-нд төрсөн, одоо 10 сартай. Охин маань мөн төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хоорондын цоорхойтой, зүрх томролттой артерийн даралттай.

2019 оны арванхоёрдугаар сарын 21-нээс ЭХЭМҮТ-д эрчимт эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна. Уг нь хоёрдугаар сарын 10-нд Бээжингээс эмч нар ирж хагалгаа хийх төлөвлөгөөтэй байсан ч энэ өвчний улмаас ирээгүй.

Одоо Энэтхэг, Турк улсын аль нэгэн рүү явж хагалгаа хийлгэх боломжтой боловч санхүү мөнгөний хувьд бид хүндрэлтэй тусаж байна. Бээжингээс эмч нар ирж, товлогдсон хугацаандаа хагалгаанд орсон бол зардал нь 4-5 сая болох байсан. Бидэнд одоогоор цуглуулсан 10 сая төгрөг л бий.

Хагалгааны зардал Энэтхэг улс 30-40 сая бол Турк улс 60-70 сая төгрөг болно. Хагалгаанд л орчихвол миний охин эдгэрэх магадлал нь 100 хувь. Иймд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй эдгээр нялх нярай хүүхдүүдэд мэдэх чадах бүхнээрээ туслаач гэж гуйж байна.

Түүнлэн бидэнтэй адил ийм бэрхшээлтэй олон эцэг, эх бий. Тэд одоо хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтэн байвал гарц гаргалгаа, зөвлөгөө тусламж өгөхийг хүсэж байна” гэв.

Мөн тэрбээр ЭХЭМҮТ-ийн эмч нар сайн бүх чадлаараа эмчилгээ хийж байгаа ч нэгэнт хагалгаанд орохоос өөрөөр эмчлэгдэх боломжгүй байгаа учраас хэцүү байгааг онцолж байлаа.

Б.Аззаяа охины ээж М.Янжиндуламтай холбогдох Утас: 85315685

Хандивын данс: 5088158628

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.