Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадад байгаа олон тооны иргэнийг авчирсан тохиолдолд тусгаарлах байрны асуудал маш хүнд байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УОК-ийн өчигдрийн хуралдаанаас БНСУ, Япон улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэлийг цуцалсан шийдвэрийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгос, Япон улсад байгаа манай иргэдийн зүгээс "Яаралтай эх орондоо буцмаар байна" хэмээн ЭСЯ, Консулын газарт хүсэлтээ гаргаж байгаа. Тэгэхээр та бүхэнд бодит нөхцөл байдлыг танилцуулах нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн байна. Бид өргөдөл бүрийг УОК-т танилцуулах болно.

МИАТ болон бусад авиа компаниас авсан мэдээллээр энэ сарыг дуустал 3,000 зорчигч билетээ бичүүлсэн байгаа юм байна.

БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран гэсэн таван улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын бүхий л иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж байгаа. Мөн эдгээр улсаас ирсэн манай иргэд ирсэн даруйдаа өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдах горим мөрдөгдөж байна.

Гадаадад байгаа олон тооны иргэнийг авчирсан тохиолдолд тусгаарлах байрны асуудал маш хүнд байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байранд янз бүрийн асуудал гаргаж байгаагаас гадна зардал мөнгөө төлөхгүй гэдэг зөрчлүүд өдөр тутам гарч байгаа.

Гадаадад байгаа иргэд, жишээлбэл Солонгост байгаа иргэдэд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Москвагаар эсвэл Берлинээр дамжаад ирэх боломжтой. Шууд нислэг сэргээх шийдвэр гараагүй байгаатай холбоотойгоор боломжтой иргэд сая дурдсан маршрутаар ирээд тусгаарлагдаж болно.

"Шууд нислэгийг сэргээх хугацааг хойшлуулсан учраас бид ахиад Солонгосын талтай яриа хэлэлцээ хийх шаардлага үүсэж байна"

Солонгост байгаа гэрээт ажилтнууд болон оюутнуудын визийн асуудал дээр ГХЯ ажиллаж байгаа. Оюутнуудын визийг сунгах боломжтой талаар Солонгосын талтай яриад тохиролцчихсон. Энэ жил анх удаа БНСУ-д суралцахаар виз авсан оюутнууд визийн хүчинтэй хугацаандаа явж амжаагүй бол виз мэдүүлгийн төвүүдээр дамжуулаад Улаанбаатар дахь Солонгосын ЭСЯ-нд хандах боломжтой. Амралтаараа ирсэн байгаа оюутнууд болон оршин суух хугацаа нь дуусахаас өмнө буцаж очиж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд сургууль нь цаашаа Цагаачлалын албанд хандаж визийг нь сунгуулах боломжтой болсон. Оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйл байхгүй.

Гэрээт ажилтнуудын хувьд мөн адил визийг нь сунгах боломжтой.

Хамгийн түвэгтэй нь 90 хүртэлх хоногийн визээр очсон иргэдийн асуудал байгаа. Үүнийг ч гэсэн бид эхнээс нь шийдээд явж байгаа. Нислэгийг сэргээх хугацааг хойшлуулсан учраас бид ахиад Солонгосын талтай яриа хэлэлцээ хийх шаардлага үүсэж байна.

"Европын орнуудад Монгол Улсын 50,000 гаруй иргэн оршин сууж байгаа"

Европын орнуудад Монгол Улсын 50,000 гаруй иргэн оршин сууж байгаа. Тэдгээр иргэний асуудалд бүх  ЭСЯ, Консулын газрынхан анхаарлаа хандуулан ажилласаар байна. Ялангуяа Европ хил хязгааргүй. Шенгений бүсийн орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог учраас тэнд байгаа иргэд маань нөхцөл байдал хүндэрч байгааг ойлгох хэрэгтэй.

Европт байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нээлттэй байгаа ч өвчний нөхцөл байдал өдөр биш цагаар өөрчлөгдөж байгаа учраас ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдах горим цаашдаа нэмэгдээд явах нөхцөл бүрдэж байна гэдгийг урьдчилаад та бүхэнд мэдэгдэж байна" гэлээ.  


Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй иргэд гадаадад явж эмчилүүлж болох уу?

- Өнөөдрийн хэрэгжиж байгаа хязгаарлалтын хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад зорчихыг хориглосон зүйл байхгүй. Тухайн иргэн аль нэг улс руу явах боломж нь нээлттэй. Харин БНСУ, Япон руу шууд нислэгүүдийг зогсоосонтой холбоотойгоор хүндрэл үүсэж байгааг ойлгож байна.

- БНСУ-д сурдаг зарим оюутнуудад энэ сарын 16-ны дотор ирэхгүй бол жилийн чөлөө өгнө гэсэн и-мэйл ийг сургуулиасаа хүлээж авсан байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

- Түрүүн миний өгсөн мэдээлэл бол өмнөх уулзалтуудын үр дүн байсан. Яг энэ тохиолдолд яах талаар, аль сургууль ийм асуудал тавьж байгааг иргэн маань манай яаманд хандаад өгөх хэрэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар БНСУ-ын 190 их, дээд сургуулийн 160 гаруй нь хичээлээ гуравдугаар сарын 16-н хүртэл хойшлуулаад байгаа. Нөхцөл байдал өдөр тутам, цаг минутаар өөрчлөгдөж байгаа учраас бид урьдчилаад тодорхой хэлэх боломжгүй байна.