Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбаяр: "Хурд"-ын онлайн тоглолтоор монголчууд үнэхээрийн эв нэгдэлтэй, бие биенээ хайрлаж, хүндэлдэг гэдгээ харууллаа

Д.Гансаруул, Өдрийн сонин
2020 оны 3 сарын 9
Өдрийн сонин
Зураг зураг
Хурд хамтлагийн фэйсбүүк хуудсаас авав

“Хурд” хамтлаг өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Буцааж нэхэхгүй хайр” онлайн тоглолт хийлээ. Энэ тоглолтын талаар тус хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяртай ярилцлаа.

-Танай хамтлагийн онлайн тоглолтыг өнөөдрийн (өчигдрийн) байдлаар интернетээр хагас сая гаруй хүн үзчихээд байна. Хүмүүс энэ тоглолтыг монголчуудын эв нэгдлийг харуулсан үйл явдал боллоо гэж дүгнэцгээж байна шүү?

-Цаг үеэ мэдрэх л хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь сэрэмжлүүлэг. Бүх хүнд сэрэмж болоосой. Аюулт муухай өвчин ороод ирэхгүй байгаасай. Зарим нэг, хоёр хүн асуулт тавьчихсан л байна лээ. “Яах гэж хэний төлөө, юуны төлөө хандив цуглуулаад байгаа юм” ч гэх шиг.

Явуулга ч юм шиг, аль эсвэл егөөдөл ч юм шиг, тэгээд байна билээ. Монголын маань эдийн засаг ямар билээ, монголчууд маань хэдүүлээ билээ. Гэнэтийн юм ороод ирлээ гэхэд бид ямар нэгэн байдлаар бэлэн байх ёстой. Ядаж маск нь байж байх ёстой.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, ард нийтийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байгаа онцгой байдлын бүх албан хаагчид, мэргэжлийн хяналт, цагдаа, эмнэлгийн ажилчид маань ямар нэгэн юмаар дутагдах гачигдахгүй байж байж ажлаа гүйцэтгэнэ. Энэ бүхэнд чинь эдийн засаг, мөнгө байж байж л аливаа юмыг хамгаалах, бүх юмаа бэлдэнэ шүү дээ.

Үүн дээр миний бодлоор, манай хамтлагийн санаачилсан энэ санаачилга сайхан ажил боллоо. Олон сайхан хүний сэтгэлд нийцсэн сайхан тоглолт боллоо. Хандив өгөх гээд учраа мэдэхгүй, би хэндээ аваачиж өгөх вэ гэж гайхаж байсан хүмүүс маань тоглолтоо үзээд, үзсэн гоё сайхан тоглолтынхоо сайхан сэтгэгдлээр хандив өргөлөө.

Дансаар 1,000 нь мянгадахгүй, 500 нь таван зуудахгүй, 5,000 нь таван мянгадахгүй хандивлалаа. Үүний хамгийн цаад учир нь юу болов оо гэвэл монголчууд үнэхээрийн эв нэгдэлтэй, бие биенээ хайрлах, бие биенээ хүндлэх сэтгэлтэй байна шүү дээ гэдгээ харцгаалаа. Бахархмаар л байна. Бахархмаар байж чадлаа.

-Тоглолтын дараа танай хамтлагт талархсан сэтгэгдэл сошиал орчинд хөвөрч байна. “Хурд” хамтлаг ч өөрөө эв нэгдэлтэй хамтлаг гэцгээж байна?

-Монголчуудад дутагдаад байгаа юмыг “Хурд” хөндчихөв үү дээ гэж бодлоо. Хүн болгонд хайрлах сэтгэл байна. Бие биенээ хүндлэх сэтгэл байгаад байна. Хэн өдөөж тэр сэтгэлийг нь ил гаргаж ирэх вэ, далд байгаа тэр хандлагыг нь хэн өөрчлөх вэ. Үүн дээр л түлхүүр таарна гэх юм уу даа.

Ямар нэгэн тийм удирдлага бидэнд хэрэгтэй болдог л байхгүй юу даа. Хүний л амьдралын юм шүү дээ.

-Ийм онлайн тоглолт манай рок попын түүхэнд байсан уу?

-Байгаагүй. Бидэнд нэг туршлага байсан.

-Ямар?

-Ямар туршлага вэ гэхээр, бид Хятадын Wechat-aap өвөр монголчууддаа тоглож байсан юм. Тухайн үед 300 гаруй мянган хүн үзсэн. Одоогоос хоёр жил хагасын өмнө шүү дээ. Тэгээд тэрнээсээ бид тодорхой хэмжээний санаг авсан.

Жил болгон Мартын наймнаар тоглодог тоглолтоо бид яавал тасалдуулахгүй байх вэ гэж ярилцсан. Жил болгон уламжлал болж тогтчихсон “Ханьдаа дуулъя" тоглолт шүү дээ. Энэ жил хэрвээ тоглосон бол 17 дахь жилдээ тоглох байсан юм, Анх 2000 онд Варьете чуулгын байранд “Top ten” гэж клуб байхаас эхэлсэн тоглолт.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд “Хурд” л ганцаараа тоглож л байсан. Сүүлдээ гуравдугаар сарын 8-наар тайзтай заал болгонд хошин урлаг, нийтийн дуу, эстрадынхан гээд бүгд л дуулдаг, тоглодог болсон.

“Хурд" хамтлагийн нэг барьдаг зарчим бий. Бид хийдэг юмаа л хийсэн. Хийдэг зүйлээ л хийлээ. Гэлээ гэхдээ энэ жилийн онцлог нь үнэхээрийн гэрээс гарч болохгүй, энэ онцгой үйл явдал болж, хүн болгон өвчин зовлонгоос ангижрах гэж гэр орондоо л баярлаад байх энэ боломжид нь тулгуурлаад бид энэ онлайн тоглолт гэдгийг хийх ёстой гэж шийдсэн.

Тэгээд энэ тоглолтыг хэнтэй хамтарч хийх вэ гэхээр мэдээж чанартай, телевизийнхээ аль нэг салбартай л хамтарч хийх ёстой болсон. Бид бүхний сонголт HD Mongol байлаа. Ер нь манай хамтлагтай ч ойрхон. Ажил төрлийн хувьд ойрхон ажилладаг учраас бид энэ телевизийг сонгож санал тавиад энэ санаа минь ажил хэрэг боллоо доо.

-Гадаадад амьдарч байгаа монголчууд, эх орныхоо өнцөг булан бүрт суугаа иргэд маань онлайн тоглолтыг үзлээ. “Хурд”-ын тоглолтыг анх удаа үзлээ гэх ч хүмүүс байна?

-Анх удаа тоглолтыг маань үзлээ гэсэн тохиолдол их байна. Энэ жилийн хувьд манай хамтлаг “Хайртай" аянаараа эх орноо тойрсон. 21 аймагт очсон. Энэ ажил маань соён гэгээрлийн их аян байсан. Яг үнэндээ соёл гэгээрлийн байгууллагууд маань саяны 30 жилд элгээрээ хэвтчихсэн байжээ.

Ялангуяа хөдөө орон нутгийн театр, урлагийн байгууллагууд маань үнэндээ бас хэцүү л байна шүү. Энэ болгонд бид бас л бие биеэ дэмжих ёстой. Тийм ч учраас бид 21 аймгаар тойрохдоо 21 аймгийн театрууддаа 21 алтан пянзаа урам дэм болгож, театруудын хананд нь өлгөж, дурсгал болгож үлдээсэн. Энэ бол пянз гаргасандаа онгироод байгаа юм биш байхгүй юу. Энэ чинь бас л нэг гоё сэтгэлийн өглөг, бие биедээ урам өгсөн тийм л үйл ажиллагаа.

Үүний нэг тод жишээ бол “Хайртай” аяны тухай нэвтрүүлэг маань бямба гариг бүрт МҮОНТВ-ээр гарч байна. Эр хүний ноён нурууны тухай, за тэгээд энэ онцгой байдал, цагдаад ажиллаж байгаа албан хаагчдын ахуйг хөнддөг.

Ер нь хараад байхад хэтэрхий эмэгтэй тал руугаа амьдралыг өгөөд байна уу даа. Эмэгтэйчүүд нуруун дээрээ илүү ачаа үүрээд байна уу гэсэн юм анзаарагддаг. Энэ бүхнийг л соён гэгээрлийн “Хайртай" аянаараа хүмүүст ойлгуулахыг зорьж байна. Аяны хүрээнд хийсэн нэг ажил бол өнөөдөр хийсэн онлайн тоглолт байлаа. Энэ бол “Хурд” хамтлагийнхны сэтгэлд явдаг л зүйл. Үүнийгээ бид илчилж, ил болгож гаргалаа.

Энийг бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Бусад урлагийнхнаа ийм байгаасай гэж хүсэж, бодож байна. Хэн нэгэнтэй бид уралдах гээгүй. Монгол Монголоо л хайрлах хэрэгтэй байна. Монгол Монголоо л хөгжүүлнэ. Ийм л бодлого зорилго чиглэлтэй байгаа.

-Тоглолтын үеэр буюу гурван цаг ЗО минутын дотор 240 сая төгрөг цугласан. Танай хамтлагийнхан ийм хэмжээний мөнгө цуглана гэж бодож байсан уу?

-Ер нь бол надад багцаа байсаан байсан (инээв). “Хурд”-ыг сонсдог фенүүд хэд билээ. Нөгөө талаасаа тоглолт маань цахилгааны саатлаас болоод тасарчих вий гэж эмээж байсан. Манайд чинь гэнэт тог тасарчихдаг шүү дээ. Тэр талаасаа бол түгшүүр байсан шүү, ний нуугүй ярихад.

Хөгжим, техник, телевизийн талдаа тог л тасрахгүй бол бидний бэлтгэл сайн байсан. HD Mongol телевизийн хамт олондоо баяр хүргэе. Анх удаа ийм онлайн тоглолт хийж, салхийг нь хагаллаа. Тоглолт маань сайхан боллоо. Хамт олонд нь аз жаргалыг хүсье.

Зураг