Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 30-ныг хүртэл онц шаардлагагүй бол гадаадын аль ч улсад зорчихгүй байхыг уриалав

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зарим улс орноос COVID-19 халдвар манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгааг онцолж, гуравдугаар сарын 30-ныг хүртэл аль ч улс руу зорчихгүй байхыг уриалсан юм.

Тэрбээр хэлэхдээ "COVID-19 халдвар өнөөдөр дэлхийн 99 оронд бүртгэгдээд байна. Нэгэн жишээ хэлэхэд, Италиас 27, Иранаас 12 улсад COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн. Тиймээс манай ард иргэд онц шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй гэж уриалмаар байна.

Учир нь дэлхийн бөмбөрцгийн 50 гаруй хувьд нь халдвар нэгэнт илэрчихсэн. Манай улсад тохиолдол бүртгэгдээгүй ч зарим улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгаа учир гадаад руу чиглэх урсгалаа зогсоох хэрэгтэй. 

Ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл тэсэх хэрэгтэйг хэлмээр байна" гэсэн юм.

"Зарим иргэн энэ өвчний аюул, эрсдлийг ойлгохгүй байна"

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ “Өмнө нь бид Иран, Итали зэрэг улсаас ирэх хүн болон сүүлийн 14 хоногт тус улсуудад зорчсон хүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байсан.

Дэлхийн 99 оронд энэ өвчин бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл аль ч улсад зорчсон өндөр эрсдэлтэй болчихлоо. Тиймээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл аль ч улс руу зорчихгүй байх, энэ тал дээр анхаарах уриалгыг Улсын онцгой комиссоос гаргаж байна.

Өнөөдөр эрсдэл өндөр биш ч СOVID-19 халдвар бүртгэгдсэн Европын аль нэг оронд дамжин явж байгаа манай улсын иргэн олон бий. Хэрвээ тэдгээр орнуудад зорчоод эх орондоо ирсэн бол заавал гэрийн тусгаарлалтад өөрийгөө оруулан, өөртөө хяналт тавихыг мөн онцгойлон анхааруулж байна. Энэ бол иргэн хүний хариуцлага юм” гэсэн юм.

Мөн тэрбээр “Иргэд маань төр засгийнхаа шийдвэрийг сайн хангаж биелүүлж байгаад талархаж байна. Гэхдээ бага зэрэг дутагдал бий. Зарим иргэн энэ өвчний аюул, эрсдлийг ойлгохгүй байна. Ялангуяа сүүлийн үед зориуд анхааруулах ёстой зүйлс тусгаарлах байруудад болж байна. 

Тухайлбал, Зарим нь тусгаарлагдахгүй гэж үзэж, зарим нь тусгаарлатанд байгаа хүмүүсээ хамтдаа гарцгаая гэж уриалж байна. Мөн хоол, орчин нөхцлөө голж, архи ууж, бусдын өрөө тасалгаа руу орох гэж зүтгэн хэл ам гаргасаар байна.

Энэ бол маш хариуцлагагүй асуудал. Бид ийм хүнд үед хариуцлага, эв нэгдэл, сахилга, эмх цэгцээ хангаж байж энэ бүхний ард гарна. Тиймээс энэ бүх хариуцлагагүй үйлдлийн цаана маш их эрсдэл, аюул байгааг иргэн бүр анхааралдаа аваасай гэж хүсэж байна” хэмээн онцлов.

Түүнчлэн ДЭМБ болон ДЭМБ-ын БНХАУ-ын Ухань хотод ажилласан шинжээчдийн баг зөвлөгөөнд “Шинэ коронавирусийн халдвар нь өндөр настан, архаг хууч өвчтэй, тэр дундаа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүст өвчин хүндэрч байгаа"-г анхааруулсан гэдгийг Д.Сарангэрэл сайд нэмж хэлсэн юм.

Тиймээс Эрүүл мэндийн яам ахмад настан руугаа чиглэсэн эрүүл мэндийн зөвлөмжүүд өгч буй аж.

Мөн Шинэ коронавирусийн гол шинж тэмдэг нь:

  • Халуурах нь-88 хувь
  • Хуурай ханиалгах нь-68 хувь
  • Ядарч, сульдах-38 хувь
  • Цэр гарах-33 хувь
  • Амьсгал давхцах-19 хувь
  • Хоолой өвдөх-14 хувь
  • Толгой өвдөх-14 хувь
  • Булчин өвдөх-15 хувь
  • Бие зарайх-11 хувь
  • Бөөлжих- 5 хувь
  • Хамар битүүрэх- 5 хувь
  • Гүйлгэх нь-4 хувь байгааг онцлоод, "Манай улсад COVID-19 тохиолдол бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 901-хүний ажиглалтад авч, 262 сэжигтэй хүнийг тусгаарлан лабораторийн шинжилгээгээр онош нь үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй гурван хүн, ажиглалтад 498 хүн байгаа" гэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.