Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: Энэ хавар махны хангамжид тасалдал үүсэхгүй. Нөөцийн мах маргаашаас 279 цэгээр борлуулагдаж эхэлнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрээ танилцуулсан юм.

"Манай улс дор хаяж 3-4 сар дотоодын хүнсний хэрэгцээгээ залгуулах нөхцөл бий болсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ “СOVID-19-ийн тархалт эгзэгтэй нөхцөл байдалд шилжлээ. Өнөөдрийн бий болсон нөхцлөөс дүгнэлт хийхэд манай улс дор хаяж 3-4 сар дотоодын хүнсний хэрэгцээгээ залгуулах нөхцөл бий болсон.

Энэ өвчний тархалт хэдий хугацаанд үргэлжилж, хэзээ дуусахыг урьдчилж хэлэх боломжгүй учраас туйлын болгоомжтой бэлэн байдалд ажиллах ёстой.

Түүнээс гадна энэ байдлаас бид хариуцлагатай сорилт тулгарахад Монгол Улс хүнсний аюулгүйн нөөц бүтээгдэхүүнтэй байх зайлшгүй шаардлагатай гэсэн сургамжийг авлаа.

Тийм ч учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улирлын хэрэгцээний стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхийг чиглэл болгосон. Бид боломжоо дайчлан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын нөөцөд 12 мянган тонн мах нөөцөлж бэлдсэн байна. Энэ нь дөрвөн сарын хэрэгцээгээ хангана гэж тооцвол сар тутам 3,000 тонн, нийслэл хотын өдрийн хэрэгцээнд 100 тонн нөөцийн махыг бэлдэн нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан.

Өнгөрсөн жил махны хангамжийн асуудлаар иргэд бухимдаж байх үед өдөрт 60-70 тонныг л гаргаж чадаж байсан. Харин энэ жил махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн.

Түүнчлэн манай улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах бий. Өөрөөр хэлбэл ,манай улсын 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлдсэн байгаа.

Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан.

Иймд энэ хавар махны хангамж дээр тасалдал, доголдол үүсэхгүй байх боломжтой. Харин жигд, тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах нь чухал. Маргаашаас эхлээд нөөцийн мах Улаанбаатар хотын 279 цэгээр дамжиж, иргэдийн хэрэгцээнд худалдаанд гарна" гэв.

Мөн тэрбээр "Гурилын хувьд Монгол Улс өнгөрсөн жил 407 мянган тонн улаан буудай хурааж авсан. Үүнээс 246 мянган тонн нь шаардлага хангаж, гурилын үйлдвэрт тушаагдсан. Энэ бол манай улсын бүтэн жилийн гурил үйлдвэрлэх хэрэгцээний 80 хувийг хангаж буй хэрэг.

Харин үлдсэн 20 хувийг хангах зорилгоор оны эцэст сайн чанарын улаан буудай импортлох асуудлыг шийдсэн бөгөөд аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтаар тодорхой болсон. Тиймээс манай гурилын үйлдвэрүүд тасралтгүй ажиллана.

Түүнчлэн бий болсон нөхцөл байдалтай уялдуулан стратегийн нөөц зайлшгүй бий болгох нөхцлийг харгалзан үзэж, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр манай улс гаднаас 100 мянган тонн удаан буудайг импортлохоор болсон бөгөөд үүнээс 90 мянга нь гурилын үйлдвэрүүдэд нөөц бэлтгэхээр ашиглагдана.

90 мянган тонн улаан буудай нь 60 мянган тонн гурил болох бөгөөд манай улсын улирлын хэрэгцээний нөөцийг бүрдүүлэх боломжтой юм" хэмээн онцлов.