Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост анх удаа коронавирусийн халдварын тоо буурах шинж ажиглагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улсад Бямба гарагт коронавирусийн халдварын 367 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тоо 7,134 хүрсэн тухай өнөөдөр мэдээлжээ.

Энэ нь хоёрдугаар сарын 26-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага тоо бөгөөд сүүлийн 11 өдөрт анх удаа шинэ халдварын тоо 400-аас буурсан үзүүлэлт болсон байна.

Бямба гарагт илэрсэн 367 шинэ тохиолдлын 297 нь тус улсын дөрөв дэх том хот Дэгүд бүртгэгдсэн юм.

Ингэснээр Дэгү хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 5,381-д хүрсэн байна.

Өдөрт илэрсэн шинэ халдварын тоо хоёрдугаар сарын 29-нөөс хойш анх удаа 300-аас доош буурсныг Дэгү хотын захирагч Квон Юн Жин хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Бямба гарагт халдварын тоо буурсан үзэгдэл нь Дэгү хотын Шинчёнжи сүмийн гишүүдийн дотроос илрэх халдварын тохиолдол буурсантай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Тус сүмийн гишүүдээс нийт 4,482 тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Солонгосын нийт халдварын 62.8 хувь болж байгаа юм.

Хэдийгээр буурах шинж ажиглагдаж эхэлсэн ч Шинчёнжи сүм шиг бас нэг халдварын голомт үүсвэл эргээд өсөх магадлалтайг албаныхан анхааруулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрчийг бууруулахгүй байхын чухлыг онцолжээ.

Өчигдөр Сөүл хотод халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 120 хүрсэн юм.

Өмнөд Солонгос даяар нийт 50 хүн Covid-19 вирусийн халдвараар нас барсны ихэнх нь өндөр настан болон суурь өвчтэй хүмүүс байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.