Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

“БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгалаа”

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдрийн хуралдааныхаа шийдвэрийг танилцуулж байна.

Хурлаар БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Берлин чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг хэлэлцсэн юм.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/849600895478848/

Энэ тухай Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан "БНСУ-руу хийх нислэг, Япон улс руу хийх нислэг болоод Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу өвлийн цагийн хуваариас зуны цагийн хуваарьт шилжих хүртэл хугацаанд нисгэхгүй байхаар шийдвэрлэлээ.

COVID-19 халдварын тархалтын үед ингэж хөдөлгөөнийг хорьсон нь манай эргэн тойронд улаачихаад байгаа нөхцөлд авч буй зөв арга хэмжээний нэг гэж үзэж байна.

Харин Европын нислэгүүдийн хувьд, Улсын онцгой комиссоос тархалт өндөртэй орноос ирж байгаа иргэд дээр сайтар анхаарах, гуравдагч орны иргэдийг оруулахгүй, виз олгохгүй байх тал дээр анхаарах шийдэлд хүрлээ.

Цаашид нөхцөл байдал хүндэрвэл энэ чиглэлийн нислэгүүдийг Улсын онцгой комисс дахин авч хэлэлцэнэ” гэлээ.

Мөн тэрбээр "Өнөөдөр Онцгой нөхцлийн үед нүүрс, газрын тос тээвэрлэх ажлыг зохион байгуулах түр журмын тухай асуудлаар мэдээлэл сонслоо. Үүнд гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажлаа хангаж, Улсын онцгой комиссын даргад мэдэгдэхээр болсон.

Гуравдугаар сарын 3-7-ны хооронд буюу хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхэд нийт 372 чиглэлд 1,344 тээврийн хэрэгсэл хөдөлж, 32,221 зорчигч зорчсон байна. Үүнээс Улаанбаатар хот руу орон нутгаас орж ирсэн зорчигчдын тоо 19,275 байсан бол Улаанбаатар хотоос гарч байгаа зорчигчдын тоо 12,946 байжээ.

Одоогоор хаагдсан зам даваа байхгүй бөгөөд халтиргаа, гулгаа үүссэн замыг цэвэрлэж байна. Тиймээс одоогийн байдлаар орон нутгийн замд хүндрэл учирсан, зам хаагдсан нөхцөл байхгүй" гэдгийг нэмж хэлэв.

"Дэлхийн улс орнууд хурдавчилсан оношлуурыг туршиж эхэлсэн"

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар дэлхийн 99 улсад COVID-19-ийн халдвар тархаж, халдвар авсан хүний тоо 106,139-т хүрч, 3,600 гаруй хүн нас бараад байна.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Дэлхийн бөмбөрцгийн нэг ч улс орон шинэ коронавирусийн халдвар гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, илрүүлэх, тусгаарлах, хавьтлыг нэг бүрчлэн тогтоох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ дагуу Улсын онцгой комисс салбар бүрт үүрэг чиглэл өгч байна.

Бид Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан баг ОХУ-д шинэ коронавирусийн халдварын үеийн оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна. 

Мөн Засгийн газрын нөөц хөрөнгө болон олон улсын байгууллагын зээл тусламжийн хүрээнд шинэ коронавирусийн халдварын үеийн эмнэлгийн тусламжийн эм тариа, тоног төхөөрөмжийг худалдан авахаас гадна хүний нөөцөө бэлтгэн ажиллаж байгаа.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам боловсруулах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн бөгөөд тусгаарлаж буй газруудын зардалтай холбоотой асуудлыг тооцож, Улсын онцгой комиссоор оруулж хэлэлцүүлэх даалгаврыг бид авлаа.

Бид шинэ коронавирусийн оношлууртай холбоотой асуудлаар Солонгос, Япон болон БНХАУ-тай ажиллаж байна. Дэлхийн улс орнууд хурдавчилсан оношлуурыг туршиж эхэлсэн. Энэ чиглэлээр ОХУ-д ажиллаж буй баг судалгаа хийж байгаа” хэмээн мэдээлэв.

"Нийт нэг тэрбум төгрөгийн мөнгөн тусламж ирсэн байна"

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Г.Ариунбуян “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хандивт нийт нэг тэрбум төгрөгийн мөнгөн тусламж ирсэн байна.

Энэ хандивыг Улсын онцгой комиссоос алба хаагчдад шаардлагатай тусгай, хамгаалалтын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж болон илүү цагаар ажиллаж буй мөнгөн урамшуулалд зарцуулахаар төлөвлөөд байна"хэмээн мэдэгдэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.