Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан гурван сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд нийт 259 сэжигтэй тохиолдолд оношилгоо хийгээд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна. 

Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа.

Ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ сахиж байгаа хүмүүст талархал илэрхийлье. 

Мөн цаашдаа ДЭМБ-ын зөвлөмж, халдвар голомтлон гарч байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд цаашдын авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх хандлага байгаа. Ер нь бол дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай сайхан хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Европт Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч эхэлж байна.

Бидний өгч буй энгийн зөвлөмжүүдийг дагаад, анхаарлаа сулруулахгүй улам хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага маш чухал. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй байна" гэдгийг хэллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.