Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон айдас түгшүүрээ дарахын тулд Моника Левинскитэй явалдаж байснаа ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Hulu стриминг видео суваг АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэргий Хиллари Клинтоны тухай “Hillary” нэртэй,  дөрвөн хэсэгтэй баримтат киног нийтэд үзүүлж эхэлжээ.

Уг бүтээлийн нэг сонирхолтой хэсэг нь Билл Клинтон, Моника Левински нарыг тойрсон дуулиан байв.

Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа Клинтон тухайн үед Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байсан 22 настай Моника Левинскитэй 1995 оноос хойш хоёр жилийн турш дотно харилцаатай байсан бөгөөд үүнийхээ төлөө импичментийн хэрэг нээлгэж байсан юм.

Одоо 73 настай Клинтон ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа асар их дарамт, стресстэй тулгардаг байсан бөгөөд үүнийгээ дарахын тулд ийм зүйл хийснээ тайлбарлажээ.

Хоёр жил орчим хугацаанд үргэлжилсэн харилцаа ил болсны дараа 1998 оны арванхоёрдугаар сард конгресс Клинтоны эсрэг импичментийн хэрэг үүсгэж байв. 1999 оны хоёрдугаар сард АНУ-ын Сенат түүний гэм буруугүйг тогтоосон ч энэ дуулиан Клинтоны засаг захиргааны цаг үеийг тодорхойлох болсон юм.

 

Баримтат кинонд үзүүлснээр Клинтон хийсэн зүйлдээ болон Моника Левинскийн амьдралыг сүйтгэсэндээ их харамсаж явдагаа ярьжээ.

Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон ч бас энэ дуулианы улмаас асар их зовж, шаналснаа ярьсан байна.

Хамгийн хэцүү нь дуулиан олон нийтэд хүрэхээс өмнө охин Челсидээ болсон явдлын талаар тайлбарлаж өгөх байсныг тэд хоёул дурсжээ.

Гэхдээ Билл Клинтон тухайн үед өөрийнх нь оронд хэн ч байсан ийм зүйлтэй холбогдох байсныг ярьсан байна. “Энэ бол 15 үетэй тулаанд оролцоод арай ядан тэсэж байх үед тоглолтыг 30 үетэй болгон сунгасантай адил хүнд хэцүү нөхцөл байдал байв. Ийм үед хэн ч байсан стресс, дарамтнаасаа түр ч атугай салах арга хайх байсан. Ийм л зүйл болсон юм” гэж Клинтон ярьжээ.

Билл Клинтон хүнд хэцүү үед өөрийнх нь талд зогссон Хилларид талархаж явдагаа ярьжээ. “Тэр ямар зовлон туулсныг бурхан мэдэж байгаа” гэж хэлсэн Клинтон энэ дуулианы дараах 20 жилийн хугацаанд өөрийгөө асар их өөрчлөгдсөн тухай ярьсан юм.

“Би өмнөхөөсөө шал өөр хүн болж өөрчлөгдсөн. Магадгүй энэ нь нас явж байгаатай бас холбоотой байх. Гэхдээ л миний амьдралд энэ үйл явдал их нөлөө үзүүлсэн” гэж АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч ярьжээ.

 

Эх сурвалж: AFP