Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Итали, Тайландад зорчоод Алтанбулагийн хилээр орж ирсэн 3 иргэнд халуурах шинж тэмдэг илэрч Дарханд тусгаарлагдсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын тоо болон шинжилгээний хариуг мэдээллээ. Тэрбээр

  • Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.
  • Гуравдугаар сарын 5-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин ажиглалтад таван хүн байна хэмээв. 
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд нийт 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. 

Сэжигтэй 256 тохиолдол илрүүлж, хяналт шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар гурван сэжигтэй тохиолдол бий. Тэдгээр иргэн нь Алтанбулагийн хилээр орж ирсэн бөгөөд Итали, Тайландад зорчсон өгүүлэмжтэй, халуурах шинж тэмдэг илэрсэн тул Дархан-Уулд тусгаарласан.

Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 104 хүнээс 17 тохиолдлыг ажиглалтад аваад байна. Үүний тав нь ХӨСҮТ-д, 12 нь Багабаян дахь амралтад ажиглалтад орсон" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. Мөн ДЭМБ-аас 560 кг-ийн жин бүхий хувийн хамгаалах хэрэгслүүдтэй ачааг хүлээн авсан" хэмээв.


Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гадаад улсын иргэн халдвартай ирсэн тохиолдолд буцаадаг уу, олон улсын гэрээ хэлэлцээрээр ямар үүрэг хүлээж байгаа вэ?

Я.Буянжаргал: Бид Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдээ бүгдийг нь хүлээж аваад, зөвлөгөө өгөх шаардлагатай бол өгөөд явуулж байгаа. Тэднээсээ тусгаарлах шаардлагатай гэснээ ХӨСҮТ-д тусгаарлаад, ажиглалтад авах бол тусгай бэлдсэн газрууддаа ажиглалтад авч байна.

Тодорхой улс орны иргэдийг наашаа онгоцонд суухаас нь өмнө зөвлөгөө өгч, суулгахгүй байгаа. Бусад  тохиолдолд буюу ороод ирсэн тохиолдолд буцаах арга хэмжээ аваагүй.

- Германаас ирсэн хоёр иргэнийг тусгаарласан гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Д.Нарангэрэл: Өнөөдөр ирсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлсан. Халуурсан, ханиалгасан гэсэн өгүүлэмжтэй учраас тусгаарлан тандалт, оношилгоо хийж байгаа.

-Нүүрсний экспортыг эхлүүлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ?

Я.Буянжаргал: Бэлтгэлийг ЗТХЯ, УУХҮЯ болон ААН-үүдтэй хамтран хийж байгаа. ААН-үүд хилээр гарах жолооч нарыг хамгаалах хэрэгсэл буюу амны хаалтаар хангаад, эрүүл мэндийн ажилтнууд зөвлөгөө, зөвлөмжөө өгөөд явж байна. Орон нутгийн засаг захиргааныхан халдваргүйтэл хийх бүх бэлтгэл ажлаа хангасан.

- Сэлэнгэ аймагт тусгаарлах байрууд ачаалалтай байх гэх мэдээлэл байна. Тусгаарлах байруудын ачааллын талаар мэдээлэл өгөөч?

- Алтанбулаг боомтоор нэвтэрч орж ирсэн иргэдийг Сэлэнгэ аймагт эхний ээлжинд тусгаарлалтад аваад, ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт бэлтгэл хангасан. Одоогоор Сэлэнгэ, Дархан-Уул аймагт иргэдийг тусгаарлах байранд ажиглалтад авч байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.