Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-ын зөвлөх багийн ахлагч Хауке Флориан COVID-19 халдвараас хэрхэн сэргийлэх тухай зөвлөж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хуралд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Росенбэрг оролцож мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Би Герман Монголын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгье. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зорилгоор бид 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмч нар туршлага судлах сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ хамтын ажиллагаа цаашдаа ч урт хугацаанд үргэлжилнэ. ХБНГУ-ын зүгээс тусламж дэмжлэгээ үзүүлсээр байх болно.

ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхантай хамтран ажиллахад таатай байна. Та бүхэнд талархал дэвшүүлье" гэлээ.

"Халдвар гарсан тохиолдолд эмнэлгүүд хэрхэн ажиллах талаар маш сайн бэлтгэл хангасан байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын зөвлөх багийн ахлагч Хауке Флориан "Монгол Улсад ирсэн цагаас эхлэн тасралтгүй хамтран ажиллаж биднийг дэмжиж байгаа ЭМЯ болон ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынханд талархал илэрхийлье. Шинэ коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Сайн ажиллаж байгаа Засгийн газарт баяр хүргэе. Цаашдаа олон улсад хийгдэж байгаа судалгаануудын талаар мэдээлэл тогтмол авч байхыг би зөвлөж байна.

Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаад халдвар гарсан тохиолдолд эмнэлгүүд хэрхэн ажиллах талаар маш сайн бэлтгэл хангасаныг ажиглалаа. Корононавирусийн халдварын 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас үүнд зохицсон эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Өчигдөр бид орон даяар бүх шатны эмнэлэгт мэдээлэл хүргэх сургагч багш нарыг сургалтад хамрууллаа. Хувийн хамгаалах хувцас хомсдох хандлага байгаа учраас ямар тохиолдолд ашиглах,  хэрхэн зөв өмсөж тайлах талаар үзүүлэх сургалтыг явуулсан. Тайлах дадал нь маш чухал.

Өвчний халдвар гарсан тохиолдолд эмнэлгүүд дээр аюулгүй байдлыг хангах нь маш чухал байгаа. Тэгэхээр халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй иргэдийг хэрхэн тусгаарлах талаар бид өчигдөр мөн ярилцсан. Байгаа нөөц боломждоо тааруулан эмнэлгийн ажилтнууд ямар нөхцөлд хамгаалах хувцас, N-95 амны хаалтыг хэрэглэх талаар ДЭМБ-ын зөвлөмжийг бид өгч байгаа.

Өчигдрийн сургалтын үеэр онцгойлон заасан нэг сэдэв бол халдваргүйжүүлэлт байлаа. Ялангуяа гадаргын, олон хүн цугладаг хүлээлгийн өрөөнд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөгөөг өгсөн.

Одоо иргэдийн хувьд халдвараас сэргийлэхийн тулд юу хийх ёстойг товч танилцуулъя:

  • Ханиад найтаахдаа тохойгоо нугалж, нүүрээ тохойндоо нааж ханиах
  • Олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх
  • Ханиаж байгаа хүнээс 1.5 м зайтай байх
  • Гарын ариун цэврийг сахих, дор хаяж 1 минутын турш савандаж, сайтар угаах

Эдгээр зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд, нийгмийн ажилтнууд цааш дамжуулан иргэдэд хүргэсээр байна байх гэж найдаж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.