Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Папуа Шинэ Гвинейн цагдаагийн газар APEC-т ашигласан автомашинуудыг хайж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2018 онд APEC-ийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулсан Папуа Шинэ Гвиней улсын эрх баригчид их хэмжээний мөнгийг хүндэт зочдод үйлчлэх тансаг ангиллын автомашинд зарцуулсан гэж шүүмжлүүлж байв.

Өвчин тахалд баригдаж, байгалийн гамшигт нэрвэгдсэн Номхон далайн хамгийн ядуу буурай орнуудын нэг тухайн үед нийтдээ 300 орчим шинэ автомашин худалдаж авахад $135 саяыг зарцуулж байжээ.

Тэдгээрийн дотор 43 ширхэг Масерати, Бентли загварын тансаг ангиллын автомашин багтаж байв.

Папуагийн засгийн газар APEC-ийн чуулган өндөрлөсний дараа бүх машинуудыг зарна гэж амлаж байсан ч жил гаруй хугацааны дараа шалгахад цөөхөн хэд нь зарагдаж, ихэнх нь хулгайд алдагдсан байжээ.

Тэгвэл өчигдөр тус улсын тээврийн цагдаагийн газрын дарга Дэннис Коркоран нийслэл Порт Морсби хотоос хулгайгаар гарч явсан автомашинуудыг эрэн сурвалжлах даалгаврыг орон нутгийн цагдаагийн хэсгүүдэд өгсөн тухай мэдээлжээ.

Машинуудын улсын дугаарыг сольсон байгаа тул хөдөлгүүрийн дугаараар нь хайж олохоос өөр аргагүй байгааг тэр ярьсан байна.

Хулгайлагдсан машинууд дотор нэлээд олон тооны Toyota Landcruiser загварын машинууд байгаа гэнэ. Коркораны ярьж байгаагаар APEC-ийн яг хэдэн автомашин алдагдсан гэх тоо байхгүй байгаа бөгөөд тус улсын сангийн яам ч ямар нэг тоо гаргаж өгч чадахгүй байгаа ажээ.

Ямартай ч Масерати, Бентли зэрэг тансаг ангиллын автомашинууд нь бүрэн бүтэн Порт Морсби хотын агуулахад хадгалагдаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian