2020/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,803.58₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11°
14:00
S32
20°
15:00
S32
21°
16:00
S32
21°
17:00
S30
21°
18:00
S32
20°
19:00
S32
19°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S29
12°
23:00
S31
10°
00:00
S29
01:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дамаск хотоос 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүртэлх хот, тосгон

ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг

Боловсруулалтын шатандаа буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргалын нийтлэлийг хүргэж байна. 

1. Нүүдэлчид суурин суух цаг 

 Бид төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй улс.Үүгээрээ ч ямагт бахархан, нандигнах дуртай.

Өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн үнэт өв бол нүүдэлчин соёл иргэншил.Түүний илэрхийлэл одоо хэр нь бидний өдөр тутмын амьдралд оршсоор байна.Энэ нь бидний мэдэх гэр хэмээх хороолол.

Гэтэл өнөөдөр хүний хөгжил, төвлөрөл, тав тух, дэлхий ертөнц амьдралын хэв маяг, технологийн дэвшил биднийг хүссэн ч, эс хүссэн ч суурин соёлд суралцахыг шаардаж байна.

Нотолгоо нь дэлхий дээрх цөөхөн нүүдэлчин соёл иргэншлийг тээж буй өв тээгч болсон бид чинь нэг л мэдэхэд нийт хүн амынх нь 48 хувьд Улаанбаатар хотод амьдарч буйгаас харж болно.

Энэ нь биднийг нүүдэлчин бус харин суурин соёлд суралцаж, суурин суух цаг ирснийг илтгэх мэт.

2.Дамаскаас (хот) Дархан, Эрдэнэт хот хүрэх зам 

Хүн төрөлхтний түүхэнд үлдсэнээр суурин амьдрал, суурин соёл иргэншлийн түүх эртнийх ажээ.Түүний нэг томоохон төлөөлөгч бол өнөөгийн Сирийн нийслэл Дамаск (Damascus). Одоогоос 11,000 гаруй жилийн тэртээ анхны туурь нь тавигдсанаас хойш эдүгээ хүртэл тасралтгүй хүмүүс амьдарсаар 2 сая орчим оршин суугчтай хэдний болжээ.

Дамаск бол цаг хугацааны өөр өөр үеүдэд Араб, дэлхий нийтийн соёлын томоохон төв болж ирсэн газар.Мэдээж үүний шалтгаан нь Газрын дундад тэнгист ойр Европ, Ази, Африк тивүүдийн дунд оршдогтой холбоотой.

Нүүдэлчин бидний хувьд анхны томоохон хотоо Дамаскаас 10,200 жилийн хойно буюу 1220 онд Хар Хорум хотыг Чингис Хааны үндэслэснээр байгуулж хожим нь Хубилай хаан Бээжинд суух хүртэл манай соёл иргэншлийн төв байв.

Үүнээс хойш бидний мэдэх хамгийн том хот бол 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор өнөөгийн Улаанбаатар хот байгуулагдсан.

Улаанбаатараас өөр томоохон хотыг хожим Дарханыг 1961, Эрдэнэтийг 1974 онуудад тус тус байгуулжээ.

Товчхондоо бид чинь Дамаскаас тооцвол 9039 жилийн дараа Дархан хотоо байгуулж байсан гэхээр хотын талаар их л маруухан төсөөлөлтэй, суурин суугаад удаагүй улс болох нь батлагдах мэт.

Бид цөөн хэдэн суурин бүхий хотоо 1992 онд шинэ Үндсэн хууль батлахтай зэрэгцэн тухайн үед хот болон хөгжиж байсан Дархан, Эрдэнэт, Чойр хотын өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл аймагтай адилтгах нэгж байхаар Үндсэн хуулийн хавсралт хуульд зааж үлдээснээс хойш хэдийнээ 30 орчим жилийн нүүрийг үзэж.

Энэ хооронд Дархан хот Дархан-Уул аймаг, Эрдэнэт хот Орон аймаг, Чойр хот Говьсүмбэр болон зүсээ хувилгажээ.Тэр нь аргагүй биз, учир нь бид төсвөө, нийгмийн болон бусад бүх үйл ажиллагаагаа бүхэлд нь засаг захиргааны нэгжээр дамжуулан удирдаж ирсэн учир.

Гэтэл хот хэмээх статусыг санагалзах, сэрх байдал өнгөрсөн оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах томоохон шалтгаануудыг тэргүүн эгнээнд бичигдэж байлаа.

3.1993 оны хот, тосгоны хууль яагаад хэрэгжиж чадсангүй вэ? 

Хот, тосгон байгуулах гол үндэслэл болсон “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хууль 1993 он 12 дугаар сарын 20-ны өдөр баталж 1994 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр заасан уг хууль ёстой л инээдмийн баярын өдрөөс дагаж мөрдсөнийх үү?!“молиго” гээч нь болоод хоцорсон.

Ийнхүү хэлэх шалтгаан нь “Хот, тосгон” нэртэй суурин газрууд нь бүхэлдээ төсвийн хувьд засаг захиргааны нэгжээс шууд хараат, газар нутгийн хувьд хавчигдмал, удирдлагын хувьд захирагчид юу хийх нь (чиг үүрэг) тодорхойгүй баахан бүрэн эрх нэртэй жагсаалт гаргаад түүнийгээ хийхээр бол Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүгдийг асуу гэсэн учраас тэр.

Эцэст нь “Хот, тосгон”-д өөрийн удирдлага (иргэд өөрсдөө нийтлэг асуудлаа хамтдаа шийдэх эрх) бүхий байх гол хэв шинжийг бүхэлд нь үгүйсгэсэн заалтыг хуульд “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн засаг дарга хэрэгжүүлнэ” хэмээн хийснээрээ хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд баяртай гэж хэлсэн гэхэд хилсдэхгүй.

Хамгийн сүүлийн жишээ Налайх хотын захирагчийн сонгууль гэж сүр, дуулиантай зүйл хийгээд сонгогдсон Захирагч нь сүүлдээ тамга, тэмдэгээ арай хийж өгөөд явахын түүс болсоноос харж болно.

Ёстой л “хот, тосгоны удирдлага” зүйрлэж хэлбэл өнчин ишиг мэт л хатавчинд ч багтах зайгүйтэй ижил оршиж иржээ.

Учир нь Үндсэн хуулиар “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх”–“хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэх агуулгаар шууд л хот, тосгон нэгжийн дор байна гэж заасан явдал байв.

Өөрөөр хэлбэл хот, тосгоныг хэрэг дээрээ өөрийн жамаар үүсэж, өөрсдийгөө удирдах хүнээ гарган, шаардлагатай бол засаг захиргааны үйлчилгээг оршин суугчдаа хүргээд явдаг дэлхий жишгийг бид 1993 онд гарсан хуулиараа нэгэнт хаасан.

4.Үндсэн хуулийн хот, тосгонтой холбоотой нэмэлт ямар болом олгож буй вэ? 

2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт дээрх байдлыг хэрхэн өөрчилсөн бэ гэдэг одоо хамгаас чухал зүйл юм.

1992 оны хувилбар:

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

2019 оны хувилбар:

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Дээрх нэмэлт нь 1992 оны Үндсэн хуульд байсан “хот, тосгоны” утга санааг дээрх байдлаар тодруулж, бид цаашид өмнөх 30 жилд төсөөлж байсан хот, тосгоны талаарх ойлголтоо мартаад цоо шинэ замаар алхах боломжийг бидэнд олгож байна. Үүнийг дэлгэрүүлэн авч үзвэл:

1.Монгол Улс цаашид “Улсын болон Орон нутгийн” зэрэглэл бүхий хоттой байхыг нөхцөл бий болсон. Гэвч бид нэг зүйлээс зайлшгүй санах нь энэ удаад хотын байгуулах, түүнд ямар зэрэглэлийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурлаас тогтоох гэдгээрээ цоо шинэ зүйл юм.Өөрөөр хэлбэл, 1993 оны хууль дах зэрэглэлийг бид одоо шууд мартах хэрэгтэй гэсэн үг.

2.Үндсэн хуулиар шаардаж буй дараагийн гол зүйл бол Хот, тосгоны эрх зүйн байдлыг тогтоох хуульд нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа “өөрийн удирдлагатай байх” эрх зүйн үндсийг шууд бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоо удирдлагын тухайд, түүний чиг үүрэг (хийх ажил), бүрэн эрхийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргээ царайчлах шаардлагагүй болсон хэмээн ойлгож болно.

3.Дараагийн үндсэн хуульд орсон санаа бол хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар тэдгээрийн “зохион байгуулалт”-ыг нэгжийн зохион байгуулалтаас тусад нь хийх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн явдал юм. Энэ нь түүнийг удирдлага болон түүнийг сонгох, томилох асуудал, дотоод зохион байгуулалт нь засаг захиргааны нэгжээс ялгаатай байна шүү гэдгийг тогтоосон явдал юм.

4.Үндсэн хуульд энэ хүрээнд нэмэгдсэн нэг томоохон асуудал бол “Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болох” асуудал юм. Энэ нь хот, тосгоны удирдлагад шаардлагатай хэмээн үзвэл тухай Засаг захиргааны нэгжийг эрхлэх асуудлыг шилжүүлэн өгөх буюу түүгээр хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн явдал юм.

Дээрх үндсэн хуулийн боломж цаашид 1)хот, тосгон чухам юу хийхийг өөрийн хуулиар нь (нэгжээс тусад нь), 2)тусгайлан заах зүйлст нь үл хамаарах асуудлыг иргэнд үйлчилгээ хүргэх хүрээнд засаг захиргааны нэгжийн чиг үүргийг буюу хийх ажлыг хамтад нь өгөх боломж бүрдсэн юм. 

5.Цаашид хот, тосгон ийм байна

Одоо хамгийн чухал асуудал буюу цаашид хот, тосгон хэрхэх асуудал юм. Ганц өгүүлбэрээр хэлбэл хот, тосгон засаг захиргааны нэгжийг царайчлах шаардлагагүй болно.

Учир нь хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар түүнд төсвийн хувьд хараат бус, эдэлбэр газрын хүрээнд өөрөө өөрийгөө бүрэн удирдах, зохион байгуулалтын хувьд засаг захиргааны нэгжээс ялгаатай, дээр нь шаардлагатай бол нэгжийг эрхүүдийг түүнд олгох зэрэг боломж бүрдэж байна.

Харин энэ бүхнийг Засгийн газар төвлөн Улсын Их Хурал батлах замаар хот, тосгоноо байгуулахдаа л хийх учиртай.

Ямартай ч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт хот өөрийн татвартай байж, эдийн засгийн үр өгөөжөө бүрэн хүртэх, шаардлагатай бол үнэт цаас гаргах, томоохон хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээлээс татах эрх зүйн орчин бүрдэх төдийгүй, суурин соёл иргэншилд зайлшгүй суралцах шаардлагыг бидний өмнө тавьж байна.

Цаашдаа Улаанбаатарыг л зөвхөн хот гэж төсөөлөх бус, хүмүүс илүү эрүүл орчин, төлөвлөлт бүхий суурийн газрыг бүрдүүлэн өргөн уудам газар нутагтаа бид олон хэв маяг бүхий хотуудыг бий болгох эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бидэнд бүрэн олгосон.

Үүнийг хийхийн тулд бид юун түрүүн 1993 оны Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дах хуучин үзэл баримтлалаа нэн тэргүүн мартаж, шинэ буюу 2019 оны нэмэлтийн боломжийг сайтар ухамсарлаж байж “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулиа батлах шаардлагатай юм.

Ингэж гэмээнэ бид 11,000 жилийг товчлох хотын соёлд суралцах түүхэн эргэлтийг хийж чадна.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x