Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн эмэгтэйчүүдэд зургаан хүүхэд төрүүлэхийг Николас Мадуро уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Венесуэлийн эмэгтэйчүүдэд зургаан хүүхэд төрүүлэхийг Николас Мадуро уриалжээ
Sara, ikon.mn - text to speech

Эх орныхоо тусын тулд эмэгтэй хүн бүр зургаан хүүхэд төрүүлэх хэрэгтэй гэж Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр мэдэгджээ.

Тэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг телевизээр танилцуулах үеэр ийм уриалга гаргасан байна.

Венесуэль улс нь эдийн засгийн гүн хямралын улмаас хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа юм.

2013-аас 2018 оны хооронд Венесуэлийн хүүхдүүдийн 13 хувь нь шим тэжээлийн дутагдалд орсон тухай НҮБ-ын тайланд дурдсан байдаг.

Венесуэльд мөн улс төрийн хямрал үргэлжилж байгаа. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэлхийн 50 гаруй улс Венесуэлийн хууль ёсны удирдагч гэж үздэг.

Гэтэл социалист ерөнхийлөгч Николас Мадуро цэрэг армийнхны дэмжлэгтэйгээр засгийн эрхийг барьсан хэвээр байна.

“Зургаан бяцхан хүү, охин төрүүлбэл бурхан та нарыг ивээх болно. Эмэгтэй хүн бүр улс орныхоо тусын тулд зургаан хүүхэд төрүүлэх хэрэгтэй” гэж Мадуро эмэгтэйчүүдэд хандаж хэлжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцохдоо тэр ийм үг хэлсэн юм.

Харин сөрөг хүчнийхэн эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнсний хангамж доройтсон Венесуэльд олон хүүхэд төрүүлэх боломж байхгүй гэж Мадурогийн уриалгыг шүүмжилцгээжээ.

Өнөөдөр Венесуэлийн иргэдийн гурван хүн тутмын нэг нь шаардлагатай хэмжээний шим тэжээлийг хоол хүнснээс авч чадахгүй байгаа гэж НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс мэдээлж байна.

Бас нэг хүмүүнлэгийн байгууллагын судалгаагаар 2018 онд гудамж, нийтийн эзэмшлийн газарт хаягдсан хүүхдийн тоо Венесуэльд 70 хувиар нэмэгджээ.

 

Эх сурвалж: BBC