Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн халдвараар хоёр хүн нэмж нас барлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Covid-19 вирусийн халдвараар хоёр хүн нэмж нас барснаар АНУ-ын нийт эндэгдлийн тоо 11 хүрлээ.

Калифорни мужид нас барсан хүн нь архаг хууч өвчтэй, өндөр настан байжээ. Энэ нь Вашингтон мужаас гадна коронавирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол болж байна.

Өвчтөн хоёрдугаар сарын 11-21-ний хооронд Сан Францискогоос Мексик хүртэл аялсан “Princess” хөлгөөр зорчихдоо халдвар авсан гэж Калифорни мужийн мэргэжилтнүүд таамаглажээ.

Өчигдөр вирусийн халдвараар хүн нас барсан хоёр дахь тохиолдол нь Вашингтон мужийн Сиэтл хотын орчимд бүртгэгдсэн байна.

Ингэснээр тус мужид гарсан эндэгдлийн тоо нийт 10 болж байгаа юм.

Өчигдөр бас АНУ-ын хамгийн их хүн амтай хотууд болох Нью Йорк, Лос Анжелест халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байна.

Тухайлбал Нью Йорк мужийн нэг гэр бүлийн гурван хүн, хөрш айлынх нь нэг хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон байна. Энэ мужийн халдварын тоо зургаа болж нэмэгдэж байгаа юм.

Нью Йорк хотын захын дүүрэгт халдварын сэжигтэй 1,000 орчим хүнийг тусгаарлаад байгааг мужийн захирагч Эндрью Куомо мэдэгджээ.

Лос Анжелес хотод өчигдөр халдварын зургаан шинэ тохиолдол нэмж илэрснээс гурав нь Италийн умард бүс нутгаас ирсэн хүмүүс байжээ.

Сүүлийн байдлаар АНУ-ын 13 мужид коронавирусийн халдварын нийт 80 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: Reuters

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.