Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог яагаад ДЭМЖИХ ёстой вэ?

Ч.Болортуяа
2020 оны 3 сарын 6
iKon.MN

Видео: Нэвтрүүлэг бүрэн эхээрээ:

Дэлхийн Эдийн Засгийн Форумын гаргадаг Жендерийн тэгш оролцооны тайланд Монгол Улсын хамгийн муу үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл байна. 

Улс төр дэх жендерийн тэгш оролцооны хувьд Монгол Улс 152 орноос 120-р байрт жагсаж байгаа юм.

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Мөн энэ долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиохтой холбоотойгоор Монгол ТВ-ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр "Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлал" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.

"Хорвоо дээр хязгаарлагдмал байгаа зүйл бол цаг хугацаа. Эмэгтэй хүний хувьд маш их цаг хугацааг улсаа үргэлжүүлэхэд зарцуулж байдаг"
 

Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан, "Нутгийн шийдэл" ТББ-ын тэргүүн

  • Эмэгтэй сонгогчид эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих хандлагатай байдаг.
  • Эмэгтэйчүүдийг илүү дэмжих магадлалтай тойрог дээр нэр дэвшүүлдэггүй, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хүссэн тойрогтоо нэр дэвшиж чаддаггүй.
  • Даргаар томилох гэхээр эмэгтэйчүүдийн чадвар хүрдэггүй гэсэн ойлголт буруу. 
  • Хорвоо дээр хязгаарлагдмал байгаа зүйл бол цаг хугацаа. Эмэгтэй хүний карьераа өсгөх цагаас маш их хугацааг хүн амаа өсгөж, хүмүүжүүлэхэд зарцуулдаг.
  • Монгол улсыг үргэлжлүүлье гэвэл Монгол хүн байх хэрэгтэй. Монгол хүнийг байлгая гэвэл монгол эмэгтэй амаржих хэрэгтэй. Амаржсан эмэгтэй хүүхдээ хөхүүлж, асран хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүх зүйлд чинь цаг хугацаа л их зарцуулагдана. Энэ алдагдсан хугацааг эргэж олгож байгаа нь квот юм.
  • УБ хот байгуулагдаад 365 жил болоход хотын даргаар нэг ч эмэгтэй хүн байж үзээгүй. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайдаар, хууль зүйн сайд  эмэгтэй хүн ажиллаж үзээгүй. Эдгээр удирдах шатанд эмэгтэй хүн ажиллаж байж эмэгтэй хүн өөр байдаг юм байна гэсэн баталгааг өгөх шаардлагатай.
  • Амьдралд юу болохгүй байна, ямар салбарт асуудал гарч байна тэр салбарыг эмэгтэй хүнээр удирдуулж үзэх хэрэгтэй.
  • Сонгуульд нэр дэвших хүмүүс ардчилсан зарчмын дагуу иргэдээс хандив босгож болох боловч Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хандив босгох дансыг нэр дэвшсэнийхээ дараа нээлгэнэ гэж байдаг. Тэр данс нээдэг өдөр нь  сонгууль эхлээд гурав хоночихсон байдаг үе. Бидэнд цаг хугацаа хэрэгтэй.
  • Бусад ардчилсан оронд төрөөс нь мөнгө өгч чадахгүй өөрсдөө мөнгө босго гэдэг бол тэдэнд хангалттай цаг хугацааг өгдөг. Харин бидэн цаг хугацаа ч өгдөггүй мөнгө ч өгдөггүй, боломж ч өгдөггүй. 
  • Би сонгуулийн санхүүжилтээ ихэвчлэн зээл авч шийдэж байсан. Цаг хугацаа гэдэг зүйл байхгүйгээс болоод эмэгтэйчүүд болон шударгаар явж байгаа хүмүүс байнгын санхүүжилттийн асуудалд ордог.
  • 2011 онд Америкийн сонгуулийн хөрөнгө босголтын туршлага судлахаар очиход тухайн үед сонгуулийн хороон дээр нь ирээдүйд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд  дансаа нээлгэчихсэн 5 хүн байгаа гэж хэлж байсан. Тэрний нэг нь одоогийн ерөнхйилөгч Доналд Трамп байсан. Юу гэхээр Америк улсад ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн 5-6 жилийн өмнө, конгрессд нэр дэвшиж байгаа хүн 2-3 жилийн өмнө хандивын дансаа сонгуулийн хороон дээрээ нээлгэчихсэн байдаг.
  • Одоогийн Сонгуулийн хууль, дүрэм мөнгөтэй хүмүүсийн тойрогт л үйлчлээд байна.
"Хоёр сонгууль хүрэхгүй хугацааны дотор Монгол төрийн топ түвшинд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргаар эмэгтэйчүүд гарах тун магадлалтай"
 

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд

  • 2017 оны сонгуульд бид мөрийн хөтөлбөртөө АЗХ-ны Удирдах зөвлөлийн 50 хувийг эмэгтэйчүүд байна гэж тусгасан байсан. Тэгээд ялж гарч ирээд удирдах бүрэлдэхүүнийхээ 50 хувийг эмэгтэйчүүд болгосон. Гэхдээ энэ нь дотоод сонгуульдаа зориулсан зүйл байгаагүй.
  • Эмэгтэйчүүд илүү хэцүү замыг туулж байж эрэгтэйчүүдтэй ижил гарааны цэг дээр очдог. Тиймд реформ хийх гэж байгаа бол хүйсийн эрх тэгш байдал дээр ч гэсэн анхаарах ёстой байх гэж бодоод энэ реформыг хийсэн.
  • Шинжлэх ухааны судалгаагаар эмэгтэй хүн байгалиасаа 20-оос дээш өнгө ялгах чадвартай, эрэгтэй хүн 7 өнгө л ялгах чадвартай байдаг байна. Үүнээс эмэгтэйчүүд асуудалд олон талаас хандах чадвартай гэдэг нь батлагдаж байна.
  • Мэдээллийн эрин үед амьдарч байгаа залуучууд барууны нээлттэй либерал үзлийг дэмжих болов уу гэж бодож байгаа. Хоёр сонгууль хүрэхгүй хугацааны дотор Монгол төрийн топ түвшинд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргаар эмэгтэйчүүд гарах тун магадлалтай гэж үзэж байна.
  • Бид бодлогоор эмэгтэй лидерүүдийг дэмжих зайлшгүй шаардлагатай.
  • Сонгуульд нэр дэвшигчийн шадар туслах, ухуулагч гээд нийт 700 гаруй хүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоход л хамгийн багадаа 300 сая төгрөгийн зардал гарахаар байна. Мөнгө биш зарчмын дагуу явъя гэж байгаа хүмүүст энэ бол том саад бэрхшээл болдог.
  • Ардчилсан Нам өнгөрсөн жилийн үндэсний бодлогын хорооны шийдвэрээр эмэгтэйчүүдийг эрчүүдээс 40 хувь бага мөнгө босгох жишиг гаргасан.
"Ажлынхаа гүйцэтгэлийн тоогоор эмэгтэй гишүүд хамаагүй илүү байна"
 

УИХ-ын гишүүн А.Ундраа

  • Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг. Улаанбаатарын хотын дүүргүүдэд эмэгтэй нэр дэвшигчийг эмэгтэйчүүд дэмжих магадлал өндөр, орон нутагт аймгуудаар аваад үзвэл баруун аймаг руу дөхөх тусам эмэгтэйчүүдийг дэмжих байдал буурах хандлагатай байдаг.
  • Эмэгтэйчүүдийн нам дотроосоо нэр дэвших боломжтой мандатын тоо эрэгтэйчүүдийнхээс хэд дахин цөөн байдаг.
  • Нам доторх эмэгтэйчүүд шат шатандаа ихэнх гол ажлыг нугалж гүйцэтгэдэг мөртлөө нэр дэвших болохоор эмэгтэйчүүдэд боломж маш бага олгож сонгуульд  нэр дэвших эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх шалтгаан болдог.
  • Жендэрийн асуудлыг эмэгтэй хүний асуудал гэж харалгүй манай нийгмийн асуудал гэж харж эр, эмгүй оролцож байж асуудлуудыг шийднэ. Улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө л жендэрийн асуудлыг яриад байгаа юм.
  • Эмэгтэй гишүүдийн ажлыг дүгнэхийн тулд хэд хэдэн тоо баримтыг харах нь зүйтэй. Жишээ нь хурлын ирц, эмэгтэй гишүүд хэр зэрэг олон хууль, тогтоол санаачилсан болох, хэдэн ажлын хэсэгт орж ажилласан юм, ажлаа хэр зэрэг сайн хийдэг юм гэдгийг харах хэрэгтэй. Ажлынхаа гүйцэтгэлийн тоогоор эмэгтэй гишүүд хамаагүй илүү.
  • УИХ-д нэр дэвших шаардлага хангасан эмэгтэйчүүд олон байлаа гэхэд та нар тэгээд мөнгө гаргаж дийлэх юм уу гэсэн яриа гарч байна.
  • Сонгуулийн зардал өндөр байгаа цагт гаргасан зардлаа нөхөх байдал үүсэх юм биш биз гэж өөрийн эрхгүй хардах байдал үүсдэг. Тэгэхээр сонгуулийн зардал өртгийг бууруулж байж тухайн нэр дэвшигчээс гарах шаардлагатай мөнгөний хэмжээ буурна.
  • Эмэгтэй нэр дэвшигчид эрэгтэйчүүдийг бодвол санхүүгийн боломж бололцоо нь бага байдаг. Иймд мөнгөтэй хүмүүст боломж олгосноороо эргээд төрд байгаа тендэр болоод бусад төрлийн авлигын асуудлыг өөгшүүлэх үндэс болоод байх шиг.
  • Би сонгуулийн зардлаа танах үүднээс сайн дурын ажилтнуудыг олноор ажиллуулах, сурталчилгааны самбараа жижиг хэлбэрээр хэвлэж байршуулах, мөн аль болох сонгогч нартайгаа биечилж уулзахыг илүүд үздэг.
  • Сонгуульд нэр дэвшихдээ хэтэрхий их мөнгө зарцуулаад, үрэлгэн хандаж байгаа хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Тэр их мөнгөний цаана ихэвчлэн буруу зүгийн мөнгө байгаа гэж хардахаас өөр аргагүй.
Боловсролын карьераар эмэгтэйчүүд илүү суралцаад, мэргэжил дээшлүүлээд байгаа мөртлөө ажлын байран дээр эсрэгээрээ болчихдог 
 

Жендэрийн үндэсний хорооны НБД бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр

  • Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 оны байдлаар дэлхийн улс төрийн эрх мэдлийн индексээр эмэгтэйчүүдийнх 23.7,  Ази Номхон далайн бүсийн дундаж 19.7, Монгол Улсын хувьд сүүлийн сонгууль буюу 2016 оны байдлаар сонгогдсон эмэгтэй сонгогчдыг хувилаад үзэхээр 17.1 хувь гэхээр бүсийн дунджаас бага байгаа юм. 144 улсаас 109-д эрэмбэлэгдэж байгаа.
  • Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймгийн засаг дарга, ИТХ-ын даргаар эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ шууд захирах түвшний ажил хийж байгаа эмэгтэйчүүдийн тоонд ахиц гарахгүй байна.
  • Боловсролын карьераар эмэгтэйчүүд илүү суралцаад, мэргэжил дээшлүүлээд байгаа мөртлөө ажлын байран дээр удирдах албан тушаалд ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Харин одоо эмэгтэйчүүд ахих дэвших нэг боломж нь  төрийн албаны тухай хуульд боловсролын түвшингээр дэвших боломжтой заалт нэмэгдсэн байгаа.
  • Эмэгтэй хүнд тулгарч байгаа асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж шийдэхэд эмэгтэй төлөөлөл зайлшгүй байх ёстой гэдэг үндсэн суурь жендэрийн үзэл баримтлал дээр тулгуурлаж ярьж байгаа юм.
  • Хувийн хэвшил нэг ижил ажлын байран дээр ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цалин ялгаатай байх цаашлаад тэтгэврийн зөрүүг бий болгож байна. Энэ нь хөдөлмөрийн харилцаан дахь хүйсийн явгаварлан гадуурхалт байгааг судалгаанууд харуулж байна.
  • Манай улсын хувьд хөдөлмөрийн насны хүн ам бага тэгэхээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ энэ тэнцүү ажилуулж байж Монгол Улсынхаа хөгжил дэвшлийг бүтээн байгуулж чадна.
  • Эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд  гэрээсээ ажлаа хийх боломжийг олгох, мөн ажлынх нь хажууд цэцэрлэгийнх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд хувийн хэвшлийн эмэгтэй удирдагчдын оролцоо маш чухал.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.