Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: Мах, гурил, будаа, элсэн чихрийн хомсдол үүсэхгүй. Импортын татварыг тэглэсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хүнсний асуудлаар мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/218027642926988/

Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд очлоо. Үүнтэй холбоотойгоор ард иргэдээ хүнсээр хомсдуулахгүй байх шаардлага гарч байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 

Хууль батлагдтал импортлогчид наана нь орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний татварыг төлөхгүй байж байгаад хууль гарахаар чөлөөлөгдөнө гэсэн үг.

Гурил

2019 оны ургацаас 247 мянган тонн буудай тушаагдсан.

60 мянган тонн улаанбуудайн хэрэгцээ байгаа. Үүнийг импортолж байна.

Зайлшгүй хүнсний бүтээгдэхүүн дээр нөөц бэлдэх шийдвэр гарсан. Улсын хэмжээнд нөөц байхгүй. Улирлын хэмжээний нөөцтэй байхаар 100,000 тонн улаанбуудай импортлохоор болсон. Мөн л татварыг тэглэсэн. Гурил хомсдохгүй.

Мах

Махны хувьд улсын нөөцөд 12 мянган тонн мах бэлдсэн. 279 цэгээр нөөцийн махыг борлуулах ажлыг 3 дугаар сарын нэгнээс эхлүүлж байна.

Хил гаалийн онцгой дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор махны экспорт хязгаарлагдсан. Гэхдээ экспортын нөөц бэлтгэгдсэн, ААН-үүд тодорхой болсон. Зөвшөөрөлгүй 60 гаруй ААН экспортын мах бэлдсэн байна. Үүнийг гаргахгүй. Дотооддоо хэрэглэнэ.

Улаанбаатарын махны хангамж тогтвортой байна.

Будаа

Манай улс бүх төрлийн будааг импортоор авдаг. Шар, цагаан, хөц, гурвалжин будаа гээд.

1, 2 дугаар сард импортолсон будааг тооцоход 3 сарын нөөц байна. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэхээр импортын татварыг тэглэж шийдвэрт хүрсэн. Ингэвэл будааны хувьд 4-5 сарын нөөцтэй болно.

Элсэн чихэр

Элсэн чихрийн хувьд 3 сарын нөөц байна, цаашид нэмэгдүүлнэ.

Хуурай сүү

Хуурай сүүнд энэ жил 4 мянган тонны импортын зөвшөөрөл өгсөн. Нэмж 2 мянган тонн хуурай сүү импортлох зөвшөөрөл олгосон. Хуурай сүүнд хомсдол гарахгүй гэсэн тооцоотой байна.

Ургамлын тос

Ургамлын тосны 2-3 сарын нөөцтэй. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай учир татварыг чөлөөлж байгаа юм.

Бүх аймгуудыг хүнсний бүтээгдэхүүнийг нөөцийг тогтоогоод, хангамж нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүрэг өгч байгаа.

Ямар нэгэн хэлбэрээр хүнсний хомсдол үүсгэхгүй. Иргэд хүнсээ нөөцөлж хомсдол үүсгэн үнийн хөөрөгдөл гаргах вий гэхээс болгоомжилж байна. Мөн түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалаад үнийн доргио гарахаас болгоомжилж, төр засгийн хяналт, зохицуулалт хийж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.