Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдрөөс эхлэн өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 31,998 тээврийн хэрэгслээр 108,772 иргэн нийслэл рүү орж, гарсан"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр замын хязгаарлалт нээсэнтэй холбоотойгоор үүссэн хөдөлгөөний талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл хийв. 

Тэрбээр хэлэхдээ “Гуравдугаар сарын 03-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 04-ний 08:00 цагийн хооронд нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоогоор нийт 31,998 тээврийн хэрэгслээр 108,772 иргэн нийслэл хот руу орж, гарах хөдөлгөөн хийсэн.

Эдгээрээс 20,302 тээврийн хэрэгслээр нийт 74,308 хүн зорчигч нийслэл хот руу орж ирсэн байна. Харин Улаанбаатар хотоос орон нутаг руу 11,696 тээврийн хэрэгсэлтэй, 34,364 зорчигч зорчсон мэдээлэл байна.

Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн замд зорьчсон нийт тээврийн хэрэгслийн тоог нэгтгэн авч үзэхэд 85,298 тээврийн хэрэгслээр, 289,412 зорчигч зорчиж, хөдөлгөөн оролцжээ. 

Хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор хот хоорондын хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт цагдаагийн хяналт шалгалт хийж ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын хэмжээнд тус хугацаанд хүний ам нас эрсдсэн осол аваар бүртгэгдээгүй. 

Харин илэрсэн зөрчлийн тухайд:

  • Хурд хэтрүүлсэн 179 зөрчил
  • Хүн тээврээр хэтрүүлэх 102 зөрчил
  • Хүүхдээ буруу тээвэрлэсэн 50 жолоочид арга хэмжээ тооцсон" гэв. 

Түүнчлэн хоёрдугаар сарын сарын 26-наас гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хязгаарлалт тогтоосон хугацаанд нийт 5,428 тээврийн хэрэгслээр 11,809 зорчигч хязгаарлалтын бүсээс гарах, хулгайн замаар зорчих зэрэг зөрчил гарсныг цагдаагийн байгууллага илрүүлж, буцаах арга хэмжээ авжээ. 

Орон нутагт УОК-ийн хуурамч бичиг ашиглан хүн тээвэр хийх гэж оролдсон жолооч нарт ч мөн хариуцлага тооцсон аж. 

Э.Энхболд мэдээллийн төгсгөл "Сүүлийн 10 хоногийн хугацаанд зам тээврийн ослын 715 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн. Нийт есөн хүний амь нас эрдсэн ба долоо нь хөдөө орон нутагт, хоёр нь нийслэлд бүртгэгдсэн.

Хүний амь нас эрдсэн есөн зам тээврийн ослын шалтгааныг харахад дөрөв нь хашаа, гудамжиндаа машинаа ухрааж байгаад бусдын амь насыг хохироосон тохиолдол юм. Тухайлбал, Дорнод аймагт хоёр настай, таван настай хүүхдээ ухарч байгаад мөргөж, амь насыг нь хохироосон хоёр тохиолдол гарсан. 

Дараагийн хоёр тохиолдол нь Хөвсгөл аймагт мотоцикл унаж яваад замын хажуугийн шон мөргөж өөрийнхөө амь насыг хохироосон хэрэг гарсан. Мөн Дорноговь аймагт 11, 12 настай хүүхдийг сундалж яваад 11 настай хүүхэд нь унаж, амь насаараа хохирсон. Өөрөөр хэлбэл, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болсон ослууд гэсэн үг. 

Уг нь Аймгийн Засаг дарга нар тухайн жилийнхээ арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд мотоциклын хөдөлгөөнийг хориглосон захирамж гаргадаг. Өөрөөр хэлбэл, энэ үеэр мотоциклийн хөдөлгөөн хориотой байдаг.

Иргэдийн зүгээс дахиж зам хаах талаар их асууж байна. COVID-19 халдвартай холбоотойгоор гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан ямар шийдвэр гарахыг бид мэдэхгүй. УОК-ийн шийдвэрээр Зам тээврийн сайдын тушаалаар улс, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарладаг. 

Зайлшгүй шаардлагатай ажил биш бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, нийслэл хотод сул хөдөлгөөн хийхгүй байхыг иргэдэд анхааруулж байна" хэмээв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.