Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний хоёр сард гэмт хэрэг өмнөх оноос 9.3 хувиар буурсан ч гэмт хэрэг үйлдэгчдийн дийлэнх нь 18-35 насны залуучууд

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.

"Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний хоёр сарын байдлаар 6,745 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 691 хэргээр буюу 9.3 хувиар буурчээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн

  • 4,405 буюу 65.3 хувь нь нийслэлд үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар буурсан
  • 2,335 буюу 34.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар өсжээ.

Мөн нийт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын хэрэг эзэлж буйг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт хэлж, холбогдох статисик мэдээллийг танилцуулсан юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээ үргэлжлүүлэн "Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 

  • 24 буюу 0.4 хувийг хүнийг алах гэмт хэрэг (40.0% буурсан)
  • 1,461 буюу 21.7 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг  (9.9% буурсан)
  • 86 буюу 1.3 хувийг хүчиндэх  гэмт хэрэг (36.3% буурсан )
  • 1,843 буюу 27.3 хувийг хулгайлах гэмт хэрэг  (6.8%-аар буурсан )
  • 157 буюу 2.3 хувийг дээрэмдэх  гэмт хэрэг (16.9%-аар буурсан )
  • 23 буюу 0.3 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  гэмт хэрэг (83.2%-аар буурсан )
  • 216 буюу 3.2 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг эзэлж 1.4%-аар буурсан байна. 

Харин залилах гэмт хэрэг энэ оны эхний хоёр сард 1,202 буюу 17.8 хувийг эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-аар өссөн. 

Эхний хоёр сарын хугацаанд гэмт хэргийн улмаас 6,517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1,529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. 

Харин эдийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна” гэлээ. 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэмт хэрэг үйлдсэн 1,734 хүн байна. Үүнээс,

  • 925 буюу 53.3 хувь нь ажилгүй,
  • 58 буюу 3.3 хувь нь төрийн албан хаагч,
  • 1,092 буюу 63.0 хувь нь 18-35 насны залуучууд,
  • 212 буюу 12.2 хувийг эмэгтэй хүн эзэлжээ.

Нийт 383,226 зөрчил бүртгэгдсэнээс 381.391 зөрчлийг шалгаж, шийдвэрлэжээ. Зөрчил гаргасан 347,163 иргэн, 28,755 хуулийн этгээдэд 9.7 тэрбум төгрөгөөр торгох, 2,173 хүнд баривчлах, 3,300 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан аж. 

Нэмж хэлэхэд эхний хоёр сарын байдлаар 17,430 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 91.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.