Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN

Эрүүл мэндий яамнаас COVID-19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/183976359690805/

Д.Нарангэрэл: Өвчлөл орж ирээгүй, ороод ирсэн ч тогтоон барьж чадна гэж тайвширч болохгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн гурван улсад халдвар шинээр бүртгэгдсэн. Мөн улс орнууд өвчлөлөөс сэргийлэх, бууруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байна. Польшид зургаан сарын хугацаанд мөрдөх шинэ хууль батлах гэж буй бол Арабын Нэгдсэн Эмират улсад өвчлөл цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрвөн долоо хоногоор хаасан" гэв. 

Түүнчлэн тэрбээр "Хүн амын бөөгнөрөл нь өвчлөл тарах үндсэн шалтгаан болж байна. Мөн өвчлөл гарсан бүс нутагт зорчих нь өөрийн оронд халдвар авчрах эрсдлийг үүсгэж байгаа. Тиймээс өвчлөл гарсан улс орон зорчихгүй байхыг нэгдүгээр сарын 6-наас эхлэн ЭМЯ-наас зөвлөсөөр байгаа ч одоог хүртэл иргэд маань аялж, зорчих тохиолдол гарч байгаа. 

Өвчлөл бүртгэгдсэнээс хойш өндөр тархалттай байгаа бөгөөд өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийн дунд нас баралт их байгаа. Өндөр хөгжилтэй улс оронд ч нас баралт нэмэгдсээр байгаа нь манай улсад нэгэнт ороод ирвэл хүчин мөхөсдөнө гэдгийн тод жишээ болж байна.

Сингапур улсад COVID-19 анх бүртгэгдэхэд эхний тохиолдлуудыг тогтоон барьж, сайн эмчилж 16 хоног өвчлөл бүртгэгдээгүй хэмээн тайван орны тоонд багтаж байсан ч өнөөдрөөс өвчлөл нэмэгдсэн байна.

Тиймээс бид өвчин орж ирээгүй байна, ороод ирсэн ч тогтоон барьж чадна гэж тайвширч болохгүй" хэмээлээ.

О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ

 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д дэгдэлт хязгаарлагдаж, буурсаар байна. Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан. COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа. 

Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хагас сая гаруй хувийн хамгаалах хэрэгслийг 26 улсад хуваарилаад байна.  

Сар бүр 76 сая бээлий, 98 сая амны хаалт, 1.6 сая нүдний шил шаардагдах ба хувийн хамгаалах хэрэгслийн хангамжийг одоогоос 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан" гэв. 

12 мянга гаруй м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар буй бөгөөд энэ хугацаанд 20 гаруй удаагийн сургалтад 3,000 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулж, арга зүйн зөвлөгөө өгсөн тухай мэдээллээ. Мөн найман багаар 56 удаагийн дуудлагад үйлчилж, нийт 12 мянга гаруй м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Тодруулбал, агаарын тээврийн 31 онгоц, 25 автобус, хоёр галт тэрэг, 14 чингэлэг ачаанд халдваргүйтгэл хийжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.