Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улстөржилтөд өртсөн Таван толгойн гэрээ яг жинхэнэдээ ямар хэлцэл байв?

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2020 оны 3 сарын 4
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг Таван толгойн ордыг цогцоор нь хөдөлгөх гэрээний төслийг өнгөрсөн парламентын үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зүгээс бэлэн болгож байлаа.

Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа", Монголын “Энержи ресурс”-ын хамтарсан консорциум ордыг цогцоор нь хөдөлгөж ашиглах зургийг М.Энхсайханы ахалсан баг гаргаж байв.

Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэг мөр шийдэж, “Шинхуа”-гаар төмөр замаа бариулж, “Сумитомо”-гийн хүчээр нүүрсээ гуравдагч хөршид гаргах боломжийг нээсэн заалтуудтай уг гэрээнд гарын үсэг зурах гэж байхад нь УИХ-ын дарга З.Энхболд зогсоосон түүх өнгөрсөнд бий.

Таван толгойн гэрээг хариуцаж явсан, талуудын хэлэлцээрийг удирдаж байсан М.Энхсайханыг Тавантолгойг зуун жилээр Хятадад егөх гэж байсан гэх шуугиан өнгөрсөн жил олны анхааралд байлаа. Түүнийг АТГ байцааж, урьдчилан хорих төвд саатуулсан удаатай. Таван толгой тойрсон улстөржилт сонгуулийн өмнө дахиад эхэлж байна. М.Энхсайханд хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлээд байгаа бол Таван толгойн гэрээг зогсоож байсан З.Энхболд энэ сэдвээр ахин дуугарч эхэллээ.

Улс төрийн дуулианы төвд байгаа Таван толгойн гэрээ чухам ямар агуулгатай хэлцэл байсныг тайлбарлахын өмнө М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нар тус гэрээний талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

М.ЭНХСАЙХАН: ТАВАН ТОЛГОЙ ГЭХ МЕГА ТӨСӨЛ БҮТЭЭГҮЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УЛС ТӨР
 

М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногт хэвлэлтээс гарсан “Социализмаас капитализм руу” номондоо Таван толгойн гэрээ ямар агуулгатай хэлцэл байсныг тайлбарлажээ.

Тэрбээр номондоо “Таван толгойг үнэгүй өгөх гэж байсан гэх гүтгэлгийн хувьд ёстой чөтгөрөөс л тодруулах асуулт байх. Миний хувьд ойлгомжгүй бөгөөд Таван толгой төсөл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан том төсөл байсан. Бүтээгүй төслийг тойроод маргалдаад суух хэцүү.

УИХ-ын сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой бололтой, зарим попууд Эрдэнэс Tаван толгой маш ашигтай ажиллаж байгаа, хэрвээ Таван толгой төслийн гэрээ хийгдсэн бол энэ ашиг ирэхгүй байлаа гэж ярьцгааж байна. Энэ ч бас худлаа, Таван толгой гэх мега төсөл бүтээгүйн гол шалтгаан нь улс төр байлаа. Тухайн үед эрх барьж байсан АН доторх улс төрийн зодооныг яалтай ч билээ.

Уг нь Монголд мега төслийг мэргэжлийн мэддэг олон залуу байдгийг ажлын хэсгийг ахалж байхдаа харж, өөдрөг сэтгэлтэй үлдсэн шүү. Тэдэнд ажил хийх бололцоо, хараахан гараагүй л байна Болсон үйл явдлыг томоор харвал Таван толгойн гэрээ бүтэлгүйтсэн нь Монголд биш, нүүрсээр манай өрсөлдөгч болох хөрш Орос оронд ашигтай тусаж байгаа бололтой юм.

Ингэхээр манайд болсон, одоо болоод байгаа улс төр нь дотоодынх байв уу, аль эсвэл гадаадын оролцоотой байв уу гэдэгт цаг хугацаа хариулт өгөх байх аа” хэмээн байр сууриа буулгажээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: ТЭР том төслийг НЭГ Л ӨДӨР ЧӨТГӨР АВСАН ЮМ ШИГ АЛГА БОЛГОЧИХСОН
 

Таван толгойн гэрээ яригдаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын сүүлээр телевизэд ярилцлага өгөхдөө уг гэрээний төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “30 сая тонноор зөөхөд 120 жил тээвэрлэх нүүрс. Тэгэхээр энэ ордыг мөнхөд өгнө, алга болгоно гэсэн зүйл байхгүй. Монголд арван тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байх хэмжээний тийм том төслийн төлөө явж байсан. Гэтэл бүтээгүй.

Ухраагаад бодоход 2012 онд төмөр зам, том цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орох байсан. Одоо ухаж аваад машинд ачаад байхад бараг тэрбум ам.долларын орлого хийлээ гээд байгаа шүү дээ. Таван толгойн бүлэг ордыг түшиглээд нүүрс химийн цогцолбор байгуулах байсан. Нүүрсээ хий болгож урагшаа экспортлох байлаа.

Хажуугаар нь угаагаад гаргавал хэдэн арван тэрбум ам.доллар олно.

Нүүрсээ хийжүүлээд эхэлбэл ганцхан алхаад шингэн болгочихно. Шингэрчихвэл бензин болно. Шаар нь хаягдахад л авто зам барих түүхий эд болох байсан. Ийм том төслийг нэг л өдөр чөтгөр авсан юм шиг алга болгочихсон. Тэр том боломжийг зогсоосон учир өнөөдөр Монголын эдийн засаг хатангиршсан. Өдөрт хамгийн багаар бодоход арван сая ам.доллар Монгол руу орж ирж байх тийм том борлуулалт байсан” гэж онцлов.

ДӨРВӨН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Гэрээ батлагдаад төсөл хөдөлсөн бол улсаас нэг ч төгрөг гаргахгүй байв. Хөрөнгө оруулагч талаас дөрвөн тэрбум ам.доллар хийх тооцоо гаргаад байсан юм. Энэ мөнгөөр дээр дурдсан төмөр зам, баяжуулах үйлдвэр гэх мэт том бүтээн байгуулалтууд өрнөх байлаа.

Баяжуулах үйлдвэрийн хувьд 30 сая тоннын хүчин чадалтай гэсэн аварга тооцоо дуулдаж байв. Таван толгойн бүх нүүрсийг баяжуулаад илүү өндөр үнээр зарах боломжтой гэх мэдээ, мэдээллийг гэрээн дээр ажилласан хүмүүс өгч байсныг онцолъё.

БҮХ ТӨРЛИЙН ТАТВАР+ТӨРИЙН ӨМЧ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

Таван толгойн гэрээнд бүх төрлийн татвар авахаас гадна төрийн өмч ашигласны төлбөр авах тохироо хийж байв. Тухайн үед энэ төлбөрийг дэлхийн практикт байхгүй жишиг гэж М.Энхсайхан онцолж байсан юм.

Ашиг олох эсэхээс үл хамааран борлуулалтын орлогын минимум хоёр хувиар өсөн нэмэгдэх рояалти төлөх заалт гэрээнд туссан байсныг онцолъё. Таван толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монголын төсөв жил бүр 340 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад хэлбэрээр авах байлаа. Төсөл жил бүр ашиглалтын зардалдаа 700-800 сая ам.долларын зарлага гаргана гэсэн тооцоог талууд хийж байв.

Манай улсаас туслан гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжүүдийн тоо 500-600 гэж яригдаж байсныг тухайн үед цацагдсан мэдээллүүдээс харж болно. Өөрөөр хэлбэл, Таван толгой төслийг дагаж хэдэн зуун аж ахуйн нэгжийн бизнес цэцэглэж, эдийн засаг тэр хэрээр тэлэх нь тов тодорхой байлаа.

ТӨМӨР ЗАМ, 12 МЯНГАН АЖЛЫН БАЙР

Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бол гэрээ ёсоор 6-12 мянган шинэ ажлын байр шинээр бий болох байв. Гэрээний талууд энэ тоог Таван толгойн Ухаа худагт өрнөсөн бүтээн байгуулалтын жишгээр тооцсоноо мэдээлж байсан юм.

Тухайн үед М.Энхсайхан “Төсөл ажиллаж эхэлбэл 1,072 гэсэн үхмэл хувьцааг амилуулах боломж нээгдэнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Өдгөө нүүрсний экспорт таг зогсож, нүүрснээс олдог долларын урсгал тасарчихсан.

Хэрвээ төмөр зам барьчихсан бол өдийд урд хөрш рүү нүүрсээ ямар ч асуудалгүйгээр экспортлох байсан гэж эдийн засагчид онцолж буй. Таван толгойг хөдөлгөх гэрээнд төмөр зам барих асуудлыг урд хөршийн “Шинхуа” компани хариуцахаар тусгаж байв.

30 ЖИЛИЙН ГЭРЭЭ

М.Энхсайхан “Социализмаас капитапизм руу” номондоо “2018 онд прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Таван толгойн гэрээний төслийг бэлтгэхдээ Таван толгойн ордыг Хятадад зуун жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж төрийн өндөр албан тушаалаа хүмүүсийг гүтгэхэд зориулав. Энэ бүгд худлаа л даа. Монголын Засгийн газар юу гэж Таван толгойн ордыг 100 жилээр өгөх вэ дээ, тэнэг тэнэг гэхэд ийм юм хийх монголчууд, Засгийн газар олдохгүй.

Энэ бол зүгээр л өрсөлдөгчөө гутаах популизмын халуурал” гэж онцолжээ. Гэрээний үйлчлэх хугацааг 30 жил гэж тохирч байж. Гучин жилийн дараа гэрээг сунгах эсэх нь Засгийн газраас хамаарах асуудал гэсэн тодотгол ч гэрээний төсөлд байна.

Хугацааг сунгах асуудал яригдах үед төсөл хэрэгжүүлэгч тал тодорхой үүргүүдийг биелүүлсэн байх ёстой гэсэн нөхцөлүүд ч гэрээний төсөлд дурайж байгаа.

Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа гадаадын хоёроос доошгүй улсад борлуулах, төслийн компани Эрдэнэс Таван толгой компанид хамтын ажиллагааны төлбөр төлөх, Таван толгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан байх гэх мэт шаардлагуудыг жагсаажээ.

Зураг