Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт, Дарханаас гадна аймгийн төвүүдийг хотын статустай болгоно

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн чуулганаар баталсан билээ. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэх шаардлага бий болсон. 

УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан. Харин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд хаврын чуулганаас өмнө өргөн барина гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн гишүүн хэлсэн. 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга нь эхний хувилбараар буюу нооргийн хэмжээнд байгаа гэдгийг онцолж хэлье. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс улсын болон, орон нутгийн зэрэглэлтэй хоттой байх асуудал баталгаажсан. Үүнээс гадна тосгоны асуудал ч мөн баталгаажсан. Эдгээртэй холбоотой удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуулиар тогтооно гэж заасан” гэв.  

 

Уг хуулийн төсөлд 2,000 мянган хүнээс дээш хүн амтай бол тосгон, 20 мянгаас дээш бол орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэдэг заалт оруулжээ.

Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан байна. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгажээ. 

Хуулийн төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал “Эрдэнэт, Дарханыг улсын зэрэглэлтэй хот гэж нэрлэнэ. Статусын хувьд аймгаас дордохгүй. Дордохгүй гэдэг нь хотын гэдэг утгаар тодорхой бодлого зорилтын асуудлыг шийдвэрлэх талаар Ерөнхий сайд, Засгийн газартай шууд харилцах боломж бий болно.

Хэрэв аймгийн төвүүд орон нутгийн зэрэглэлтэй хот болох юм бол хотын татварын асуудлыг хуулиар шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд давуу тал бий болно” гэлээ.