Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

П.Отгонбаатар: Тэвчээр багатай хүн хуучир хөгжим тоглоно гэдэг хэцүү

Н.Пунцагболд
2013 оны 11 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Хөгжимчин П.Отгонбаатар

Хуучир хөгжим бараг мартагдах шахаад байгаа өнөө үед энэ хөгжмийн зэмсгийг олонд сурталчилж, таниулж яваа хөгжимчин П.Отгонбаатартай ярилцлаа.

Тэрбээр хуучир хөгжмөөр гоцлож, дан хөгжмийн бүтээлээр цомог гаргаад байгаа билээ. 

-Сүүлийн жилүүдэд гоцлол хөгжимчид дан хөгжмийн бүтээл тоглох нь их болж. Хийлч, ятгачин, шанзын гурвал гээд л. Таны хувьд хуучир тоглодог. Хэзээнээс эхэлж хуучир хөгжим тоглож эхэлсэн бэ?

-Би бага байхын л хөгжим сонсох дуртай хүүхэд бай­лаа. Цэцэрлэгт байхын хөгж­мийн мэдрэмжтэй, дуу­лах сонир­холтой байсан юм. Ерөн­хий боловсролын сур­гуульд дуу хөгжмийн хичээл гэж ордог шүү дээ. Тэр хичээлдээ их дуртай. Тэгээд тавдугаар ангиасаа эхэлж хуучир хөгжмөөр дагнан хичээллэж эхэлсэн.  

Аав маань ч намайг их дэмждэг байсан. Улмаар урлагийн хүн болох юм байна гэж мэдрээд хуучир хөгжим худалдаж авч өгч байлаа. 1993 онд анх өөрийн гэсэн хөгжимтэй болж байлаа шүү дээ. Тэр үед зах зээлд орчихсон, хэцүү цаг үе байлаа. Тэгэхэд надад 900 төгрөгөөр хуучир хөгжим хотоос захиж авч өгч байсан юм. Ингэж л анх хуучир хөгжимтэй танилцаж байлаа. 

Би өөрөө хөдөөний хүүхэд болохоор Монголын үндэсний радиог байнга сонсоно. Дуу хуур, хуучир хөгжим тоглосон бичлэгүүдийг үргэлж сонсдог байсан. Манай аав гэртээ пянз тоглуулагчтай байсан. Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл, морин хуурч Д.Түдэв гуай зэрэг алтан үеийнхний дуу хуурыг ч гэсэн пянзаар сонсоно. Тэгэхдээ л шанз, хуучир хөгжмийг сонсч, амтатнд нь орж байлаа.  

-Хөгжим сонирхож байгаа хүүхдэд сонголт янз бүр байж болох байсан. Даралтад хөгжмөөс авахуулаад л. Гэтэл заавал хуучир хөгжмийг сонгосон нь ямар учиртай юм бол?

-Би зурагтаар хуучир тоглож байгаа хүмүүсийг үзээд, энэ эгч шиг тоглож сурах юмсан гэж боддог байлаа. Тэгээд ч харахад их авсаархан, жаахан, гоё дуугардаг хөгжим байсан. Тэгээд л сэтгэл шулуудаад, хуучир хөгжим сонгосон. Ингээд тавдугаар ангиасаа авахуулж хуучир хөгжим тоглож сурч, хичээллэсээр 2000 онд СУИС-д элссэн. 2004 онд сургуулиа амжилттай төгсч, ЦДБҮЧ-д хуучир хөгжимчнөөр одоо хүртэл ажиллаж байна даа.

-Хэдийгээр хөгжмийн мэдрэмжтэй, сонирхолтой байлаа ч гэсэн шууд тоглочихно гэж байхгүй. Хуучир хөгжим тоглохыг хэн зааж өгсөн бэ?

-Хөгжмийн амьдралд ороход багагүй шат дараалал байдаг. Тэр бүхнийг давж байж сая хөгжимчин боллоо гэж үзнэ. Би цэцэрлэгт байхаасаа, дуу хөгжмийн хичээл үзэж эхэлсэн цагаасаа эхлээд л хөгжим гэж юу юм бэ, энэ дууг ингэж дуулах ёстой гэдэг утгаар нь мэдэрч эхэлсэн.  Миний анхны багш МУСТА Банзрагч гэж ахмад хүн бий. Одоо 83 настай. Намайг хүүхэд байхад хуучир хөгжим яаж тоглохыг зааж өгч байлаа. Харин мэргэжлийн талаас бол СУИС-ийн багш, СТА Алтанзолбоо багш маань зааж өгсөн. Ингэж л хуучир тоглож сурсан даа. 

Гэхдээ хөгжимчин хүн би сурчихлаа, төгс болчихлоо гэж бодож болохгүй. Өдөр болгон шинэ юм сурах хэрэгтэй, байнгын давталт шаардлагатай байдаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, хуучир хөгжим бусад хөгжмийн зэмсгийг бодвол хүнээс маш их давталт, хатуужил шаарддаг. Тэр болгон сэтгэлийнхээ хөдлөлөөр тоглоод байж чаддаггүй. Энэ хөгжимд дуртай, сэтгэлээсээ, хамаг амьдралаа, цаг заваа зориулахаар сэтгэл шулуудсан хүн л хуучир барьж явдаг юм. Хүүхдүүд хуучир хөгжмийн ангид элсч ордог л доо. Гэхдээ сэтгэл нь хоёрдоод, давтаж чадахгүй, тэвчээр багатай  байдаг болохоор шантрах нь их. Тэвчээр багатай хүн хуучир хөгжим тоглоно гэдэг хэцүү л дээ. 

-Хуучирыг Монголынх, эс­вэл өмнө зүгээс гаралтай хөгжим гээд янз бүрээр л ярьдаг. Манай үндэсний хөгжим мөн үү?

-Монголын үндэсний хөг­жим гэж хэлж болно. Анх Хятадын Ху нар манай нутагт үүсгэсэн гэсэн домог байдаг. Тэр утгаараа манай үндэсний хөгжмийн зэмсэг. Хуучир хөгжим дотроо их, дунд, бага гэсэн гурван төрөлтэй. Монгол хуучир бол морины толгойтой, дөрвөн утастай. Адууны хялгасаар тэрэлж хийсэн байдаг. 

Дөрвөн утастай монгол хуучир бол ерөөл магтаал хэлэхэд зориулагдсан. Манай алдартай хуурч Лувсан гэж хүн байдаг даа. Улс даяар Лувсан хуурч гэж алдаршсан. Тэр хүн анх  дөрвөн утастай хуучраар “Говийн магтаал”, “Алтай магтаал”-ыг тоглосон байдаг юм. Би одоо орчин үеэ дагаад хоёр утастай, дунд хуучраар тоглож байгаа. 

-Аавын тань авч өгсөн хуучир одоо байгаа биз дээ. Түүгээрээ тоглодог уу?

-Байлгүй яах вэ. Төмөр бортоготой, 900 төгрөгийн үнэтэй хуучир. Хааяа дуугаргаж, жаврыг нь гаргадаг юм. Ерөнхийдөө надад одоо тоглодог хөгжим байгаа. Ер нь хөгжимчин хүн өөрийнхөө гар хуруунд таарсан хөгжмийг сонгох хэрэгтэй байдаг юм. Би гурван хөгжимтэй. Сүүлчийн­хээ авсан хуучирыг дөрвөн жил тоглож байна. 

Одоо цаг үеэ дагаад бүхий л зүйл электрон болж эхэллээ. Тэр утгаараа хуучирч гэсэн тийм болж байна. Хятадад гэхэд цахилгаан хуучир гараад ирчихсэн байна. Бараг тэрийг шаардах гээд л байна. Яваандаа цахилгаан хуучиртай болно доо.

-Цомгоо гаргасан гэсэн. Дан хуучраар тоглосон аязаас бүрдсэн цомог уу?

-Миний анхны бие даасан цомог энэ онд гарсан байгаа. Дан хуучир хөгжмөөр гоцлон тоглосон ая багтсан. Мөн бусад хөгжимтэй хоршуулж, дэлхийн сонгодогууд болон Монголын үндэсний шилдэг хөгжмийн бүтээлийг хуучраар тоглосон есөн бүтээлтэй цомог гаргасан юм. Hi Fi-ийн бүх салбаруудаар борлуулагдаж байна. “OTKO VOL №1” нэртэй цомог байгаа.   

Сонсогчид маань надад маш их урам, зориг өгдөг юм. Гоё цомог болсон байна гэж магтаж байгаа. Тэр ч байтугай гадаадын жуулчид миний цомгийг авч сонсчихоод, и-мэйл хаяг руу захидал бичсэн байдаг юм. 

-Гадаадын сонгодог бо­лоод Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээ­лийг тоглосон гэсэн байна. Ямар бүтээлүүдийг сонгож авсан бэ?

-Хөгжмийн зохиолч Мэнд-Амарын хуучир хөгжимд зориулсан “Аялгуу” хэмээх бүтээл байдаг. Түүнийг тоглож цомогтоо багтаасан. Япон дуунаас “Хайрын гудамж” гэх мэт бүтээлийг найруулан тоглосон. Мөн монгол ардын дуу “Сийлэн бөөр”, “Сүнжидмаа” гэх зэрэг дуунуудыг найруулж тоглосон байгаа. 

-Сүүлийн үед гоцлол хөгжимчин олон болж байгаа талаар анх асуусан. Та ч гэсэн энэ чиглэл рүү явж байгаа юм байна. Яагаад гоцлохоор шийдэв?

-Залуу хүний хувьд урагш тэмүүлж, хийж бүтээхийг хүссэн. Яагаад гоцлоод гараад ирж болохгүй гэж. Тиймээс өөрийн гэсэн уран бүтээл хийж, гоцолж тоглосон. 

-Хуучраар гадаадын сон­годог хөгжмийн бүтээ­лүүдийг тоглоход ямар байдаг вэ. Хэцүү биш үү?

-Хуучир  өөрөө их уянгатай, чамин аялгуутай хөгжим. Ерөнхийдөө Азийн хөгжим гэж нэрлэдэг. Хуучир өөрөө тансаг бүхнийг шаардаж байдаг учраас их тансаг, уянгалаг аялгууг тоглоход тохиромжтой байдаг. Японы “Хайрын гудамж” гэдэг аялгууг тоглосон нь их аялгуулаг болохоор тэр. Хүмүүс их гоёоор хүлээж авдаг. Ер нь том том сонгодог, оркестор тоглодог бүтээлийг хуучраар тоглож болно шүү дээ. Жишээлбэл, манайхан сонгодог гэж хэлдэг “Хэнтийн өндөр ууланд” бүтээлийг тоглосон. 

Бараг л дэлхийн сонгодог болчихсон бүтээл шүү дээ. Дээрээс нь “Хос эрвээхэй” гэдэг Хятадын алдарт хийлийн бүтээлийн хуучир хөгжмөөр тоглож болдог. Ерөнхийдөө дефозон өндөртэй хөгжим шүү дээ, хуучир. Өөрөөр хэлбэл, багтаамж өндөртэй гэсэн үг. Ямар ч аялгууг тоглох боломжтой. Ер нь хуучир хөгжим аялгууны үүрэгтэй. Оркестор ч юм уу, цөөхүүл хөгжимд дандаа аялгууны үүргийг гүйцэтгэдэг. Дуучидтай хамт тоглож байхад аяыг нь тоглох жишээтэй. Үргэлж хамсраад яваад байхгүй гоцолдог, аялгууны үүрэг гүйцэтгэдэг чухал хөгжмийн л нэг дээ. 

-Гоцлол хөгжимчид клип хийгээд байх юм билээ?

-Харин би нэг ч клип хийлгээгүй байгаа. Тийм болохоор ойрын үед тоглосон бүтээлээ дүрсжүүлэх тал дээр анхаарч байна. Яваандаа уран бүтээлүүдээ дүрсжүүлнэ ээ. 

-Ойрд уран бүтээлээ бичүүлээд байгаа гэсэн. Дахиад цомог гаргах нь уу?

-Би дууны ая зохидог юм. Саяхан “Жижиг халиун” гээд морины тухай дууг гаргасан. Монголын радиогийн шилдэг таван дууны нэгээр шалгарсан. Түүнээсээ үүдээд дахиад нэг дуугаа бичүүлэх гээд сууж байна. Бас морины тухай дуу. Г.Батбаяр ах дуулах юм. Эхний хоёр дуу маань морины сэдэвтэй болчихлоо. Цаанаасаа ирж байгаа захиалга нь тэгж таараад байгаа юм. Цаашлаад янз бүрийн сэдэвтэй дуутай болох байх аа.  

-Солонгост очиж ардын урлагаа сурталчлаад ирсэн гэсэн үү?

-Монгол Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил Солонгост очиж, жилийн хугацаанд Монголын үндэсний урлагаа, тэр дундаа хуучир хөгжмөө сурталчлаад ирсэн. Солонгосчууд хөөмий, ардын бүжиг, үндэсний хөгжмийг маш сайхан хүлээж авч байсан. Тэр нь их таалагдсан. Би бол хуучир хөгжмөө тоглоод л, үндэсний урлагаа сурталчилсан. Намайг их сайхан хүлээж авч байсан. Өдөрт нэг юм уу хоёр удаа тоглодог байсан. Үзэгчид маш ихтэй байдаг байлаа. Солонгосын Намянжу хотын театрт тоглож байсан юм. 

-Хуучир хөгжмөө хаанаас авч байна. Монголд хуучир урладаг урлаач байгаа юу?

-Дээр үед манай мастерууд хийдэг байсан. 1960-аад оны үед хийдэг байсан юм билээ. Одоо бол хийдэг хүн байхгүй. Хятадад үйлдвэрлэгддэг. Хятадаас орж ирсэн хөгжмүүдийг бид аваад л тоглодог. Үндсэндээ Хятадын мастер хөгжмүүдийг авдаг гэсэн үг. Яах вэ, манайхан бол хуучир засах хэмжээнд л ажилладаг. 

-Монголчууд морин хуур, ятга, шанз гээд үндэсний хөгжмүүдээ мэддэг. Гэтэл хуучир гэдэг хөгжмийг тэр бүр мэдэхгүй байх шиг. Хөгжмийн зэмсгээ сурталчлах тал дээр юу хийж байна?

-Хүмүүсээс энэ хөгжмийг мэдэх үү гэж асуухаар үгүй гэдэг. Зурагтаар үзэхэд, Хятадууд л тоглож байгаа харагддаг гэж хэлдэг. Хятад хөгжим байх гэдэг ч хүн бий. Тиймээс сайн сурталчилах хэрэгтэй байгаа юм.

Зураг