Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

461 дүгээр хорих ангид шүүгч амиа алдах үеэр хариуцлага алдсан гэх ажилтнуудад холбогдох шүүх хурал товлогдлоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас товлосон байна.

 Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

Өнөөдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхисон байна.

Хэргийн тухайд сануулахад, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг 2019 оны хоёрдугаар сард гарсан. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нарыг хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Иймд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр /тухайн үед дарга байсан/ мэдэгдэж байсан юм.