Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ундрах-Эрдэнэ: Хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болгосон зарим хэргийг сэргээн шалгах нь хэлбэрийн төдий л арга хэмжээ

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 3 сарын 3
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор болсон Эрүүгийн хуулийн өөрчлөлт өнгөрсөн сараас хэрэгжиж эхэллээ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хуульч хүний хувьд таны байр суурийг сонсмоор байна?

-Одоогийн хэрэгжиж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд ер нь батлагдсан цагаасаа л эхлэн хэл ам дагуулсан, маргаантай олон асуудлууд байгаа. Тухайлбал, зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох нь ойлгомжгүй, давхардсан зүйлүүдээс эхлээд зарим тохиолдолд ял завших боломжтой зүйл ч байсан.

Ганц жишээ хэлэхэд, Эрүүгийн хуулийн 17.3 зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан залилах, завших гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жил, эсвэл таван жилийн алинаар тогтоосон нь ойлгомжгүй байв.

Ингээд УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсан.

Эдгээр хуульд дагаж мөрдөх хугацааг нь тодорхой заагаагүй учраас Үндсэн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар хууль албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох учиртай. Тэгвэл дээрх хуулиуд өнгөрсөн сарын 13-нд Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн. Ингэхээр өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг. 

Таны сонирхоод байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг сэргээн шалгах агуулга бүхий зохицуулалт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгагдсан байгаа.

зөвхөн тодорхой цөөн хэргийг онилж сэргээн шалгаж байгаа нь улс төрийн шинжтэй болохыг харуулж байна. 

Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэг болон хоёрдугаар зүйлд зааснаар бол 2017 оны долдугаар дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон зарим гэмт хэргүүдийг сэргээн шалгах нөхцөл бүрдчихлээ.

Эдгээр шалгах хэргийн тоонд нэгд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, хоёрт гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, гуравт хахууль авах, дөрөвт хахууль өгөх, тавд гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах.

Зургаад улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, долоод төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, наймд төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэсэн нийт 11 зүйлийн гэмт хэрэг багтаж байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохтой холбоотой асуудал нь хэр оновчтой вэ. Энэ хуулийн өөрчлөлтийн үр дагавар, ач холбогдлыг хэлж өгөөч?

-Ер нь хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн нэг гол чухал үзүүлэлт. Тэр тусмаа Эрүүгийн хууль байн байн өөрчлөгдөөд байх нь тийм ч сайн зүйл биш. Одоогийн мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн. Гэтэл энэ хэдхэн жилийн хугацаанд нийтдээ 11 удаа нэмэлт өөрчлөлт орлоо шүү дээ. 2017 онд дөрөв, 2018 онд гурав, 2019 онд нэг, 2020 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт орлоо.

Байн байн ингэж өөрчлөгдөөд байх нь практикт ажиллаж байгаа бидэнд ч түвэгтэй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг одоогийн хуулиар таван жил гэж байгаа. Энэ тийм богино хугацаа биш боловч зарим хэргүүд дээр яалт ч үгүй дуусчихаад байна. Үүнийг хууль хэрэгжүүлэгч байгууллагад буруу өгөхөөс илүүтэй парламентад өөрт нь бурууг өгөх хэрэгтэй.

Яагаад гэвэл одоогийн Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс шууд хамааралтай байдлаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, өндөр ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа урт, бага ялтай хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа богино.

Парламент өөрөө авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээгээ багаар тогтоосноос үүдэж хөөн хэлэлцэх хугацаа хурдан дуусаж байна гэсэн үг. Түүнээс биш шүүх, хуулийн байгууллага санаатайгаар дуусгаж байгаа биш байх. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг ярихын тулд одоогийн Эрүүгийн хуулийн ялын бодлогыг ярих зайлшгүй шаардлагатай байна.

Ганц жишээ хэлэхэд, хувийн байгууллагын ажилтан албан тушаалаа ашиглаж таван сая төгрөгийн өмч хөрөнгө завшвал Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2-8 жилийн хорих ялтай. Тэнсэх ямар ч боломжгүй. Гэтэл нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж 100 сая төгрөгийн хохирол төрд учрууллаа гэж бодоход Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1-5 жилийн хорих ял авна. Тэнсэх боломжтой. Хэт харьцангуй байгаа биз.

Зүй нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж төрд хохирол учруулах гэмт хэрэг нийгмийн хор аюул , хэр хэмжээний хувьд илүү учраас илүү өндөр ял ногдуулах ёстой биз дээ. Тэгэхлээр шалтгаан нь ерөөсөө л энэ.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон зарим гэмт хэргүүдийг сэргээн шалгах нь зүгээр хэлбэрийн төдий л арга хэмжээ болохоос биш энэ албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үндсээр нь өөрчлөөгүй. Оногдуулах ял яг хэвээрээ л байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох нь эрх зүйн үндсэн зарчмыг хөндөх эрсдэлтэй гэж зарим хуульчид үзэж байгаа. Харин хууль батлагчдын зүгээс олон нийтийн хүсэл шаардлага гэж тайлбарлаж байгаа?

-Дээр хэлсэнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэг болон хоёрдугаар зүйлд зааснаар бол 2017 оны долдугаар сарын 01 -ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон зарим гэмт хэргүүдийг сэргээн шалгах нөхцөл бүрдсэн.

Гэхдээ нь зөвхөн 11 зүйлийн гэмт хэрэгт хамаарна. Бусад хэрэгт хамааралгүй. Энэ зохицуулалт Үндсэн хуулийн түвшний маргаан дагуулахаас гадна практикт шүүх хэрэглэхэд ч түвэгтэй нөхцөл байдал бүрдэнэ гэж харж байна.

Мөн нэр бүхий иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд хандчихсан байгаа. Учир нь нэгдүгээрт зөвхөн тодорхой цөөн хэргийг онилж сэргээн шалгаж байгаа нь улс төрийн шинжтэй болохыг харуулж байна.

Бусад онц ноцтой хэргүүд буюу хүн амь, их хэмжээний хохирол учруулсан хэргүүдэд хамааралгүй. Хоёрт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэчихсэн хэргийг сэргээн шалгана гэдэг нь нэг хэргийг хоёр удаа шүүхээр оруулна гэсэн үг. Гуравт, одоогийн Эрүүгийн хуульд шүүх хууль хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан.

Энэ бол зүгээр нэг парламентаас баталсан хэм хэмжээ биш, эрүүгийн эрх зүйн тулгуур зарчим, үзэл баримтлал, үнэт зүйл юм. Энгийн иргэний хувьд сэргээн шалгах гэдгийг таатай хүлээж авч магадгүй боловч эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн онол, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлцлээр үүнийг зөвшөөрдөггүй.

-Авлига, албан тушаалын томоохон хэргүүдэд холбогдсон өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаад явж байгаа. Мэдээж энэ бол шударга бус зүйл. Тэдэнд хариуцлага тооцох нь зүй ёсных гэж үзвэл энэ хуул ийн өөрчлөлт зөв биш үү?

-Хэрэв үнэхээр энэ авлига албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг системтэй, зүй ёсны дагуу шийдвэрлэе гэж байвал шууд л зүйл ангиар нь хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуульд заагаад өгчихөөч дээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг онцгойлон таван жил байна гэж заасан байна лээ. Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг онцгойлон заасан ганцхан тохиолдол нь энэ.

Мөн түүнчлэн ялын бодлого, авлига албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг өндөрсгөснөөр одоогийн энэ иргэдийн уур бухимдлыг зүй ёсных нь дагуу шийдвэрлэх боломжтой.

-Олон нийтийн анхаарлын төвд байгаа олон хэрэг бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг, Г.Дэнзэнд холбогдох хэрэг гэх мэт улсад их хэмжээний хохирол учруулсан авлига албан тушаалын 13 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг прокурорын байгууллагаас мэдэгдээд байгаа.Ер нь авлига, албан тушаалын хэргүүдийг шударгаар шийдвэрлэж чадаж байна уу?

-Дээрх албан тушаалтнуудын шалгагдаж буй зүйл ангийн талаар мэдээлэл алга байна. Хэрэв Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт багтсан аль нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол одоогийн хуулиар шалгагдах боломжтой. Гэхдээ юуны түрүүнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өөрөө Үндсэн Хуулийн Цэцийн шалгуурыг давах ёстой.

Шүүх шударгаар шийдвэрлэж чадаж байгаа эсэх дээр нэг зүйл хэлэхэд, Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтээр давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх шүүгдэгчийн ял хүндрүүлэх эрх хэмжээгүй болсон.

Үүнээс үүдээд саяхан нэг албан тушаалын хэрэг дээр хэдийгээр шүүгдэгчийн ял хөнгөдсөн боловч давж заалдах, хяналтын шатны шүүх өөрөө ял шууд хүндрүүлэх боломжгүй учраас арга буюу анхан шатанд нь буцааж шийдвэрлэсэн байсан. Уг нь Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт, Цэцэд анх хандсан иргэний мэдээллийн агуулгыг харвал шүүгдэгчийн гомдлоор хэргийг хянахдаа шүүгдэгчийн ялыг хүндрүүлж болохгүй гэсэн агуулгатай байгаа.

Хэрэв улсын яллагч, эсхүл хохирогч ял хөнгөдсөн гэж гомдол гаргавал ял хүндрүүлэх эрх хэмжээ нь давах, хяналтын шатны шүүхэд байх ёстой. Гэтэл УИХ-аас Цэцийн дүгнэлтийг шууд утгаар нь хүлээж аваад, Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн ял хүндрүүлдэг эрх хэмжээг хасчихаж байгаа юм. Хууль боловсруулах ажиллагаанд ингэж олон хувилбараар, бүтээлчээр хандаж байж шударга ёс хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл, шударга ёсыг хүсвэл парламент өөрөө шударга ёсонд нийцсэн хууль батлах хэрэгтэй гэж хэлэх байна.

Зураг