Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт уран бүтээлч Улай 76 насандаа таалал төгслөө

ikon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улай нэрээр дэлхийд алдаршсан герман гаралтай уран бүтээлч Фрэнк Увэ Лэйзипн хорт хавдрын улмаас 2020 оны 3-р сарын 2-ны өдөр Словени улсын Любляна хотноо 76 насандаа таалал төгсжээ.

Улай нь уран бүтээлч Марина Абрамовичтай 1976 онд Амстердамд анх танилцаж, тэр цагаас хойш 12 жилийн туршид хамтдаа амьдран, перформанс буюу үйлдлийн урлагаа хамтран туурвиж, дэлхийн дүрслэх урлагийн салбарт цоо шинэ тэсрэлтүүдийг авчирч чадсан, хамгийн нэртэй уран бүтээлч хос болсон юм.

Тэд 1988 онд Хятадын Цагаан хэрмийн хоёр үзүүрээс 6,000 гаруй километр газрыг явган туулж, тэг дунд нь уулзан, бие биедээ “баяртай” гэж хэлснээр харьцаагаа дуусгавар болгож байсан түүхтэй. Тэр нь Улай, Марина Абрамович нарын хамтарсан хамгийн сүүлийн үйлдлийн урлаг байсан юм. Тэдний аль аль нь хэтэрхий хүчтэй учраас нэг дор удаан байх хэцүү байсан гэдэг.

"Улайг ойлгоход маш их хугацаа шаардагддаг, магадгүй бидний амьдралын бүхий л хугацаа хэрэгтэй" гэж Марина Абрамович нэгэнтээ хэлсэн байдаг. Улай нь Марина Абрамовичтай хамтрахаас өмнө болон хойно гэрэл зургийн бүтээлүүдээ туурвисаар ирсэн юм.

Улай биеийн байдлаа муудаж эхлэхэд ус ихээр ууж, боловсруулахад нь нэлээд анхаарлаа хандуулж эхэлсэн ба тэгснээр түүний бие, үйлдлийн урлагийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг байжээ. Тэрээр "Би бие махбодыг хэрхэн цэвэршүүлж, өөр нэгэн чухал биет болгон хувиргаж болох талаар бодож эхэлсэн юм. Биеийн 70 орчим хувь уснаас бүрддэг, тэгэхээр усыг л цэвэрлэх санаа төрсөн" гэж Улай хэлсэн байдаг.

1943 онд ХБНГУ-ын Солинген хотод төрсөн Улай нь Любляна руу нүүхээс өмнө Амстердамд ажиллаж, амьдарч байсан ба тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 76 насны төрсөн өдрөөрөө Сан байгуулж Төслийн орон зай нээжээ.

Амстердамын Стэдэлэк музейд Улайгийн ретроспектив үзэсгэлэн нь 2019 оны арваннэгдүгээр сард  нээгдсэн ба энэ нь 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. 

Улай бол жинхэнэ чөлөөт сэтгэгч, анхдагч, өдөөгч, түүхэн уран бүтээлч байсан юм. Тэрээр гэрэл зураг, сэтгэлгээнд тулгуурласан үйлдлийн болон биеийн урлагийн огтлолцол дээр ажиллаж байсан. Түүний орон зай мөнхөд оршсоор байх болно.  

 

Мэдээллийн эх үүсвэрийг The Art Newspaper сэтгүүлээс Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо бэлдэв