Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо зургаад хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын Вашингтон муж улсад Covid-19 вирусийн халдвараар дөрвөн хүн нэмж нас барснаар нийт эндэгдлийн тоо зургаад хүрчээ.

Нас барсан бүх тохиолдол Вашингтон мужид бүртгэгдэж, баруун хойд бүсийн энэ муж АНУ дахь коронавирусийн тархалтын төв болж байна.

Халдварын хэд хэдэн тохиолдол Сиэтлийн ойролцоох Кинг дүүргийн Киркланд хотын асрамжийн газартай холбогдож байгаа юм. Энд амьдардаг хоёр өндөр настан өнгөрсөн долоо хоногт нас барсан нь АНУ-д бүртгэгдсэн анхны тохиолдлууд болж байв.

Нийтдээ АНУ даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 100 дөхөж байна.

Халдварын ихэнх тохиолдлууд хөнгөн шинжээр илэрч байгаа бол архаг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настнуудын амь насанд аюул учруулж байгааг Вашингтон мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Өчигдөр Цагаан ордонд эм үйлдвэрлэгчдийн төлөөлөгчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн эсрэг вакциныг аль болох богино хугацаанд гаргахыг хүссэн байна.

Гэвч түүнтэй уулзсан төлөөлөгчид вакцин шинээр бий болгоход олон үе шаттай туршилт шаардагддаг, заавал хугацаа зарцуулах ёстойг тайлбарласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Covid-19 вирустэй тэмцэх ажлыг удирдаж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнгөрсөн Ням гарагт CNN сувагт ярихдаа вирусийн оношлуур үйлдвэрлэл, түгээлтээр тус улс дэлхийн зарим улсуудаас хоцорч байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр өчигдөр орой коронавирусийн халдвар гарсан мужуудын захирагч нартай уулзаж, мэдээлэл авсан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.