Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамж талбайд нус, шүлсээ хаясан 4,662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ

ikon.mn
2020 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл авчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, саун, дэн буудал, жуулчны бааз, сүм хийд зэрэг нийт 2,596 АНН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа аж. Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6,705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4,662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн өдрүүдэд 800 тонн түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээг авч ажилласан. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд өнгөрсөн саруудад лабораторийн шинжилгээ хийхэд стандартын шаардлагыг хангаж байгаа үзүүлэлт гарсан. Сүүлийн үед шахмал түлшний барьцалдуулагч бодис хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл цацагдсан. Өнөөдрийн байдлаар 2,200 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа мэдээлэл байна” хэмээн хэллээ.

Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгаа

Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ХӨСҮТ, Сэлэнгэ аймагт 9 хүн гээд нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарласан талаар НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг нэг цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан байна. Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхдэдээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар "Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах"-ыг хориглодог. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.