Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Сэлэнгэд ачаалал ихэдвэл Дархан-Уул аймагт тусгаарлахаар байруудыг бэлдсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал COVID-19 халдварын тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх болон ажиглалт, тусгаарлалтад авч буй нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Тэрбээр "Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлуудыг хангаж байна. Ингэхдээ сумдын эмнэлгүүд, бүсийн оношилгооны төвүүдээс зам дагуу шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх баг бэлдсэн.

Батлан хамгаалах яамны Багабаян дахь амралтын газарт тусгаарлах байрыг бэлдлээ. Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар, Нур-Султан-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцноос 76 иргэнийг тэнд ажиглалтад авсан.

Алтанбулаг, Сүхбаатарын боомт дээр ОХУ-аар дамжин Япон, Солонгос улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авч байна. Өчигдөр Нарлаг-Монгол галт тэргээр ирсэн иргэдийн биеийн байдлыг үзэж, тусгаарлах шаардлагатай иргэдийг ажиглалтад авлаа. 

Хэрэв Сэлэнгэ аймагт ачаалал нэмэгдээд байвал Дархан-Уул аймагт тусгаарлахаар байруудыг бэлдэж байна. Үүнд коллежийн байрууд, амралт сувиллын газруудыг хамруулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж байгаа" хэмээв. 

Одоогоор 335 иргэн ажиглалтад буй бөгөөд тэдгээр иргэний нэг нь ч ямар нэгэн төлбөр төлөөгүйг тэрбээр мөн дурдав. Нэг иргэнийг тусгаарлан ажиглалтад авахад дунджаар хэдэн төгрөг зарцуулагдаж буйг тооцоолохоор холбогдох яамд ажиллаж байгаа аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.