Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Агаар дусал, бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.3-2.9 дахин буурлаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 2
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/220156622708224/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ-аас гараа савандаж угаах, гар ариутгагч, амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байгаа. Ард иргэд маань эдгээр зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь өвчлөл буурснаас харагдаж байна. Тухайлбал, гахайн хавдар, салхин цэцэг, гар хөл амны өвчин гэх мэт агаар дусал, бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.3-2.9 дахин буурлаа.

Мөн нийслэлд томуу, томуу төст өвчин буурч байна. Өнгөрсөн оны мөн үед томуу, томуу төст өвчний улмаас 600 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар 280 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаснаар шинэ коронавирусийн халдвараас гадна амьсгалын болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж чадна гэдгийг хэлмээр байна" гэлээ.

"БНСУ өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна"

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар COVID-19 халдварын тохиолдол 1,739-өөр нэмэгдсэнээр нийтдээ 87,137 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 53 нас баралт нэмэгдсэнээр 2,977 хүн энэ өвчлөлийн улмаас нас барсан. 

Сүүлийн мэдээгээр Италид зорчсон өгүүлэмжтэй тохиолдол Чех, Шотланд зэрэг улсад COVID-19 бүртгэгдлээ. 

Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл 38 оронд гадаад улсаас зорчсон өгүүлэмжтэй хүмүүс байгаа бол 20-оод оронд дотоод дэгдэлтээс халдварч авч байна. 

БНСУ-д гарсан нийт тохиолдлын 85 орчим хувь Тэгү хотод байгаа юм. Өмнөд Солонгос улс тандалт судалгааг сайтар хийж байгаа бөгөөд өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна.

Тус улсад зургаан голомт байгаагаас хамгийн том нь Шинчожи сүмийн голомт бөгөөд үлдсэн таван голомттой холбоотой эсэхийг судалж байгаа юм. 

Италид 1,694 тохиолдолд, 34 нас баралт гарсан. Дэгдэлт гарсан гурван бүсэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр хаасан. Иранд 978 тохиолдол бүртгэгдсэн ба нас баралтын түвшингээр БНХАУ-ын дараа орж байна. 

Одоогоор 40 гаруй улс улс хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаагаа ДЭМБ-д мэдээлсэн. Харин бараа таваарын тээвэрлэлтийг зогсоосон улс байхгүй" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.