Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орост нүүрсний салбараа хөгжүүлэхэд 6 их наяд рубль шаардлагатай

Г.Од
2020 оны 2 сарын 28
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Өнөөдөр ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний аж үйлдвэрлэлийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 6 их наяд рубль шаардлагатай гэж урьдчилан тооцож буй. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ.

2035 он гэхэд Орос улс нийт 485-668 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. Ирэх 15 жилд нүүрсний экспортын хэмжээг 259 сая, 2035 онд 390 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

2025 он хүртэл нүүрсний салбарт 1 их наяд рублийг хувийн хөрөнгө оруулалтаар татна гэж харж байна. Үүний тулд нүүрсний гол үйлдвэрлэлийн Тува, Якут, Забайкаль, Алс Дорнодын гол бүс нутагт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Шинээр 14 уурхайг нээж, нүүрс баяжуулах 20 үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоо үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. 

Зөвхөн Хятад, Ази Номхон далайн орнуудын зах зээлд 200 сая тонн нүүрс экспортлох зорилт бий. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын хойд хилтэй залгах Красноярск муж, Тува болон Хакаси бүс нутагт нүүрсний 12 шинэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, боловсруулах үйлдвэр, тээврийн дэд бүтцийн хөгжилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулах “Енисейская Сибирь” амбицтай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Үүгээр ашигт малтмалын ордууд, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, нисэх онгоцны буудал, дэд бүтцийн нийт 32 том төслийг “Норильский никель”, “Русал”, “Полюс”, СУЭК, “Оросын төмөр замууд”, “En+group“ Юнипро” зэрэг томчууд багтсан 60 гаруй компани хэрэгжүүлэх юм.

Зураг