Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Калифорни муж коронавирусийн халдварын 8,400 сэжигтнийг хянаж байгаагаа мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом

АНУ-ын Калифорни мужид агаарын тээврээр зорчиж ирсэн коронавирусийн халдварын 8,400 гаруй сэжигтнийг хяналтдаа аваад байгааг өчигдөр тус мужийн захирагч Гэвин Ньюсом зарлажээ.

Гэтэл тус мужид ердөө 200 ширхэг оношлуур байгаа тул АНУ-ын холбооны засаг захиргаанд хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан байна.

Мөн вирусийн шинжилгээг мужууд бие даан өргөн хүрээнд явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгааг Вашингтонд анхааруулжээ.

Лхагва гарагт Калифорни мужид гарал үүсэл нь тодорхойгүй Covid-19 вирусийн халдвар илэрсэн нь АНУ-ын дотоодод вирус тархсан анхны тохиолдол байж болзошгүй байна.

Гэтэл холбооны хуулиар орон нутаг дотор дамжсан халдварыг мужууд оношлох эрхгүй байдаг гэнэ.

АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төвийн захирал Роберт Рэдфельд өчигдөр конгресст мэдээлэл өгөхдөө Калифорни муж руу оношлуур нэмж илгээснийг мэдэгджээ.

Мөн тус байгууллагаас сэжигтэй тохиолдлуудад өргөтгөсөн шинжилгээ явуулах боломжийг мужуудад олгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн байдлаар Калифорни мужид коронавирусийн халдварын 33 тохиолдол бүртгэгдээд байгаагаас тав нь тус мужаас гарч явсан юм байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.