Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эрүүл мэндийн дэд сайд коронавирусийн халдвараар өвчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Иран улсын эрүүл мэндийн дэд сайд шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн болохыг эх сурвалжууд олж мэдээлжээ.

Дэд сайд Ираж Харирхи өнгөрсөн Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Иран улс халдварын бодит тоо баримтыг нуун дарагдуулсан гэх мэдээллийг няцааж байв.

Энэ үеэр түүний бие тавгүй байгаа нь илт мэдэгдэж байсан юм.

Мөн тус улсын парламентын нэг гишүүн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Иран улс өнгөрсөн долоо хоногоос эхлээд Covid-19 вирусийн тархалтын Хятадаас гадна орших нэг том төв болоод байгаа.

Өнөөдрийн байдлаар тус улсад халдвараар өвчилсөн 15 хүн нас барж, халдварын 95 тохиолдол бүртгэгдсэн тухай албаны мэдээ байна.

Эндэгдлийн тоогоор Иран улс дэлхийд Хятадын дараа хоёрт орж байгаа юм.

Гэвч Тегераны эрх баригчид бодит тоог нууж байгаа гэсэн сэжиг олон улсын хүрээнд яригдаж байна.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсыг бодит тоо баримтаа нууж байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд дэлхийн бүх улс орнуудад хандан коронавирусийн гамшгийн асуудлаар нээлттэй, ил тод ажиллахыг уриалжээ.

Хятадаас гадна коронавирусийн тархалтын хамгийн том голомт болоод байгаа гурван улсын нэгэнд Иран улс тооцогдож байна. Нөгөө хоёр нь Итали болон Өмнөд Солонгос улсууд юм.

Ирак, Кувейт, Афганистан, Пакистан, Саудын Араб зэрэг хөрш улсууд нь Ирантай залгаа хилээ хааж, аяллын хориг тавиад байна.

Эх сурвалж: BBC, Global News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.