Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: БНСУ-д коронавирусийн халдвар авсан манай улсын иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гадаад харилцааны яам Эрүүл мэндийн яамыг цаг алдалгүйгээр бүхий л мэдээллээр хангаж ажиллаж байна.

БНСУ-д манай улсын иргэн коронавирусээр халдварлалаа гэсэн мэдээллийн мөрөөр иргэд, олон нийтийн зүгээс буруу ташаа мэдээллээр хангаж байгаа нь маш харамсалтай, маш том үр дагавартай мэдээллүүд гарч байна гэдгийг дурдмаар байна.

БНСУ-д манай улсын иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

Гадаадад манай улсын иргэн нас барах болон ямар нэгэн гэмт хэрэгт холбогдох тохиолдолд тухайн улсын холбогдох байгууллагууд манай ЭСЯ-д албан ёсоор мэдэгддэг.

Албан ёсны мэдээлэл ирэхийг хүлээлгүйгээр бид холбогдох сувгаараа ЭСЯ-тай холбогдоход дээрх мэдээллийг өгсөн.

Энэ иргэний биеийн байдал хүнд байна. Эдгээр хүний ар гэрийг бодоосой гэж хүсэж байна.

Нэг ч Монгол хүн битгий өвдөөсэй. Үүний төлөө төрийн бүх байгууллагууд цаг наргүй ажиллаж байхад худал ташаа мэдээлэл  түгээхгүй байхыг анхааруулмаар байна.

Нислэг цуцлагдсантай холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед мэдээллийг албан ёсоор ЭМЯ-наас авна уу. 

Хариуцлагатай байх уриалгыг төрийн өндөрлөгүүд гаргасан үүнийг дагаачээ гэж хэлэх байна.

ЭМЯ-наас гаргаж байгаа мэдээлэлд итгэж, сонсож байхыг уриалж байна.

Нэг ч Монгол хүн коронавирусийн халдвар битгий аваасай гэдэг сэтгэлээр ажиллаж байна шүү гэдгийг ойлгоорой" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.