Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын эрүүлийг хамгаалахын өндөр албан тушаалтан Шинчёнжи сүмийн гишүүн байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын коронавирусийн тархалтын төв болоод байгаа Дэгү хотын эрүүлийг хамгаалах байгууллагын өндөр албан тушаалтан өөрийгөө Есүсийн Шинчёнжи сүмийн гишүүн болохыг мэдэгджээ.

Нэрийг нь олон нийтээс нууцалж байгаа уг албан тушаалтан бас Covid-19 вирусийн халдвар аваад байгаа юм байна. Тэрээр Дэгү хотын баруун дүүргийн Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх төвийн захирал ажээ.

Даваа гарагийн байдлаар Өмнөд Солонгост бүртгэгдсэн 833 халдварын тохиолдлын 681 нь 2.5 сая хүн амтай Дэгү хотод илэрсэн юм.

Тэдгээр халдвартай хүмүүсийн 450 гаруй нь Есүсийн Шинчёнжи сүм хэмээх загалмайн шашны уламжлалт бус урсгалын гишүүд ажээ.

Дээр дурдсан албан тушаалтнаас Covid-19 вирусийн халдвар илэрсний дараа өөрийгөө сүмийн гишүүн болохыг анх илчилсэн тухай Дэгү хотын дарга Квон Юн Жиж өчигдөр мэдээлсэн байна.

Албан тушаалтнаас халдвар илэрсний дараа түүнтэй цуг ажилладаг 50 хүнийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулжээ.

Мөн Covid-19 вирусийн халдвар авсан цагдаагийн ажилтан, сургуулийн багш эмэгтэй нар өөрсдийгөө Шинчёнжи сүмийн гишүүд болохоо мэдэгдсэн гэнэ.

Даваа гарагт Korean Air компани Дэгү хотын чиглэлийн нислэгээ гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон байна. Asiana Airlines компани гуравдугаар сарын 9 хүртэл мөн нислэгээ цуцалжээ.

Дэгү хотод халдвар тараасан гол газар болох Есүсийн Шинчёнжи сүмийн удирдлага эрх баригчидтай хамтран ажиллаж, тус хотод оршин суудаг 9,600 орчим гишүүдийнхээ мэдээллийг гаргаж өгсөн байна.

Халдварын шинж тэмдэг илэрсэн үгүйгээс нь үл хамааран тэдгээр хүмүүсийг гэрийн хорионд байлгаж байгааг хотын захиргаа мэдээлжээ.

Шинчёнжи сүм нь Өмнөд Солонгос даяар 245,000 орчим гишүүнтэй байгууллага юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.