Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Итали, Иран, Өмнөд Солонгост халдвар эрчимжиж, ДЭМБ цар тахалд бэлэн байхыг анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусийн болзошгүй цар тахалд бэлэн байхыг бүх улс орнуудад анхааруулжээ.

Хэдийгээр коронавирусийн тархалт Хятадаас бусад улсуудад эрчимжиж байгаа ч одоохондоо “цар тахал” гэж нэрлэхэд эрт байгааг тус байгууллага мэдэгдсэн байна.

Хятадын Ухань хотоос гаралтай Covid-19 вирусийн тархалт сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос, Итали, Иран зэрэг улсуудад эрчимжээд байгаа.

Харин халдварын анхны голомт болсон Хятадад буурах үзэгдэл ажиглагджээ. Тус улсаас өчигдөр буцаж ирсэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд ч Хятадад тархалтын оргил үе өнгөрснийг баталсан байна.

Даваа гарагийн байдлаар Хятадаас гадна дэлхийн 30 орчим улсад 1,200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 20 гаруй өвчтөн нас бараад байна.

Өчигдөр Хятадын эх газарт Хубэй мужаас гадна халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусийн тархалтын тоо баримтыг зарлаж эхэлсэн нэгдүгээр сарын 20-ноос хойшх хамгийн бага тоо болжээ.

Энэ өдөр Хятадад нийтдээ 409 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 648 тохиолдлоос буурсан үзүүлэлт болсон юм.

Өчигдөр Өмнөд Солонгост халдварын 231 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо 833 хүрсэн байна. Тэдний ихэнх нь тус улсын дөрөв дэх том хот Дэгүгээс илэрчээ. Коронавирусийн халдварын улмаас нийт долоон хүн нас бараад байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт анхны халдварын тохиолдол илэрч байсан Иран улсад одоогийн байдлаар 61 хүн халдвар авч, 12 хүн нас бараад байна.

Халдварын ихэнх нь исламын шийт урсгалын ариун хот гэгддэг Комоос илэрчээ.

Иранаас очсон хүмүүсээс гаралтай Кувейт, Оман, Афганистан, Бахрейн улсуудад анхны халвдарын тохиолдлууд өчигдөр бүртгэгдсэн байна.

Саудын Араб, Кувейт, Ирак, Оман, АНЭУ, Турк, Пакистан, Афганистан улсууд Ирантай залгаа усан болон хуурай газрын хилээ хааж, шилжилт хөдөлгөөнийг хоригложээ.

Коронавирусийн тархалтын Европ дахь хамгийн том төв болсон Итали улсад өчигдрийн байдлаар нийтдээ 150 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас бараад байна. Халдвар эрчимжихээс өмнө буюу өнгөрсөн Баасан гарагт тус улсад халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байсан юм.

 

Эх сурвалж: BBC, Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.