Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Одоогоор БНСУ-д шинэ коронавирусээр өвчилсөн Монгол хүн байхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвар буюу СOVID-19 өвчний талаарх мэдээллийг хийлээ. (2020.02.24 18:40)

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/191202435303652/?epa=SEARCH_BOX

"Өндөр хөгжилтэй орон хүртэл коронавирусийн дэгдэлтийн өмнө хүчин мөхөстөж байна"

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн улс, орнуудад хурдацтай тархаж, зарим улсад шинээр бүртгэгдээд байна.

Коронавирусийн тохиолдол шинээр бүртгэгдсэн улс орны хувьд эх үүсвэр, тархвар судлалын холбоосгүйгээр илэрч байгаа нь анхаарлыг ихээр татаж байгаа юм.

Өнөөдөр 11:00 цагийн үед Иран улсад 33 тохиолдол байсан бол яг одоогийн байдлаар 61 тохиолдол болж хэдхэн цагийн дотор 2.1 хувиар нэмэгджээ.

Мөн Итали улсад 11:00 цагт 76 тохиолдол байсан ч долоон цагийн дараа 54 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Харин БНСУ-д мөн долоон цагийн өмнө 763 тохиолдол бүртгэлтэй байсан бол одоо 833 тохиолдол болж нэмэгдэж, 11 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.

Эрүүл мэндийн тогтолцоо сайтай, өндөр хөгжилтэй орон хүртэл шинэ коронавирусийн дэгдэлтийн өмнө хүчин мөхөстөх нь ажиглагдаж эхэлж байна" хэмээн ярив.

"Одоогоор БНСУ-д шинэ коронавирусээр өвчилсөн Монгол хүн байхгүй"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр бидэнд Тэгү болон Бусан хотод нэг, нэг монгол оюутан шинжилгээнийхээ хариугаа хүлээж байна гэх мэдээлэл байсан.

Тэдний шинжилгээний хариу өнөөдөр гарсан нь тус оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй гэх сайн мэдээ байна.

Тиймээс одоогоор тус улсад коронавирусээр өвчилсөн Монгол хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Мөн тэрбээр "Өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хуралдаанаар БНСУ-тай хийх нислэгүүдийн түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн монгол иргэнд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл шинжилгээ, оношилгоог нь үнэ төлбөргүй хийнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Зөвхөн монгол иргэн ч гэлтгүй бүх улсын иргэнээс ямар нэг төлбөр авалгүйгээр коронавирустэй холбоотой шинжилгээ, оношилгоонд хамруулна гэсэн учраас тус улс руу хийх нислэгийг тодорхой хугацаанд зогсоож байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.