Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-д тусгаарлагдсан БНСУ-ын иргэд Дэгү хотын халдвар тархсан сүмийнх биш гэдэг нь тогтоогдсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрээ  танилцуулсан.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Коронавирусийн тархалт улам нэмэгдэж байгаатай учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахлын түвшинд хүрэх вий гэсэн болгоомжлол байна.

Шинэ коронавирусийн халдвар БНХАУ-аас хальж, дэлхийн 29 улсад бүртгэгджээ. Тэр дундаа сүүлийн өдрүүдэд БНСУ-д хурдацтай тархаж байна.

Өнөөдрийн байдлаар 79 мянган хүн халдвар авч, 2,445 хүн нас барсан байна. Тиймээс урьдчилсан сэргийлэх тал дээр Улсын онцгой комисс анхаарч байна.

Сүүлийн үед манай улсын эрүүл мэндийн салбар шинэ коронавирусийн халдварыг хэрхэн оновчтой илрүүлж байгаа эсэхийг иргэд ярьж байна.

Манай улс өнөөдрийн байдлаар 134 сэжигтэй тохиолдлыг тусгаарласан байна. 

Монгол Улс Япон улсаас 3,000 оношлуур авч, ашиглаж байгаа бөгөөд бид оношоо баталгаажуулах үүднээс шинэ коронавирусийн оношлуураар амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн 60 тохиолдлыг оношлоход халдваргүй гэсэн хариу гарсан бөгөөд амьсгалын замын цочмог халдвар гэдэг нь тогтоогдсон" гэв.

Мөн тэрбээр "Улсын онцгой комиссын өнгөрсөн хурлуудаар ОБЕГ-ын харьяа сургалтын төвийг тусгаарлах шаардлагатай хүмүүст зориулж бэлтгэсэн.

Тус төвд өчигдөр Солонгосын Тэгү хотод амьдардаг 17 хүнийг Жаргалантын аманд байдаг сургалтын төвд тусгаарласан. Тухайн иргэдийг халдвар гарсан хотоос ирснийг үндэслэж тусгаарласан бөгөөд тэдний дунд ямар нэг зовуур илэрсэн хүн байхгүй. Биеийн байдал нь хэвийн байна.

Мөн өчигдөр тус хотоос ирсэн 4 эмэгтэй, 2 хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдний хоёр нь Монгол Улсад оршин суудаг хүмүүс байсан бол дөрөв нь нэг гэр бүлийн хүмүүс байсан. Тэд Солонгосын Тэгү хотод байрлах халдвар тархсан сүмийнх биш гэдэг нь тогтоогдсон.

Түүнчлэн Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар сувиллын газруудыг иргэдийг тусгаарлах шаардлагад нийцүүлэн бэлтгэх үүрэг чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн" гэдгийг онцлов.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.