Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас ирж буй иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан иргэний үүргээ биелүүлэхийг хүсье

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газраас БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох мэдээллийг дамжууллаа.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Өмнөд Солонгос улсад 48,100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан бөгөөд холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч байна.

ЭСЯ болон Бусанд байгаа Консулын газар уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар рүү явж буй нислэг бүрд давхар хяналт тавьж байгаа мэдэгдье. Түүнчлэн онгоцонд суухаас өмнө хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг нислэгт суулгахгүй байгаа.

Тэгү хотоос 60 орчим км-ын зайд Бусан дахь Консулын газар ажиллаж байгаа бөгөөд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. 

БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Нөхцөл байдал ийм болж буйтай холбогдуулан нэн шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна. 

Олон нийтийн сүлжээнд БНСУ-д байгаа иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. Тус улсын Засгийн газар хүчээ дайчлан ажиллаж байгаа. Түүнчлэн 2015 онд МЭРС вирусийг тарсан туршлагатай улс тул үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа.

Арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуулиуд амарсан. Нийтдээ 193 их, дээд сургууль байдгаас 157 нь ирэх сарын 16-ныг хүртэл амралтаа сунгасан.

Өнөөдрийн байдлаар 14 сургууль гуравдугаар сарын 2-нд хичээлээ эхлүүлнэ гэсэн мэдээлэл бий.

БНСУ-аас гадна Италид халдварын тоо нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гаднын улсуудад зорчиж буй иргэд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. БНСУ-аас ирж буй иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг хүсье" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.