Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагт Хятадын Хубэй мужид 630 халдвар бүртгэгдэж, 96 өвчтөн нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд төв Хятадын Хубэй мужид коронавирусийн халдварын 630 тохиолдол шинээр илэрч, 96 өвчтөн нас барсан тухай өнөөдөр өглөө мэдээлжээ.

Шинэ халдварын тоо өмнөх өдрөөсөө 264-өөр нэмэгдэж, нас барсан хүний тоо 10-аар буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдөр Хубэй мужийн төв Ухань хотыг гадаад ертөнцөөс тусгаарлаад яг нэг сар болж байгаа юм.

Шинэ тоо баримтыг нэгтгэвэл дэлхий даяар Covid-19 вирусийн халдварын тохиолдол 78,583 болж, нас барсан өвчтөний тоо 2,364, халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 20,863 хүрээд байна.

Ази тивд Хятадын эх газрын гадна Япон, Өмнөд Солонгос улсууд халдварын  (751, 433) болон эндэгдлийн (3, 3) тоогоор тэргүүлж байна. 

Европ тивд Итали улс халдварын 51 тохиолдол, 2 эндэгдэлтэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Ойрх Дорнодын Иран улсад энэ долоо хоногт нийт 28 халдвар илэрч, 6 хүн нас барснаар тахлын бас нэг гол төв болоод байна.

Өчигдөр Аддис Абаба хотод цугларсан Африкийн Холбооны гишүүн улсуудын эрүүл мэндийн сайд нартай Женев хотоос видео хурал хийхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Бидний хамгийн их санаа зовоосон асуудал бол Covid-19 вирус эрүүлийг хамгаалах систем сул хөгжсөн орнуудад тархах аюул юм” гэж анхааруулжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Африк тивд өнөөдрийг хүртэл коронавирусийн 200 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр бүгд сөрөг үр дүнтэй гараад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.