Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

46,000 жилийн өмнө амьдарч байсан шувууны бүтэн бие Сибириэс олджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 46,000 орчим жилийн өмнө амьдарч байсан шувууны хөлдсөн биеийг Сибирийн мөнх цэвдгээс олсон тухайгаа Шведийн эрдэмтэд “Communications Biology” сэтгүүлд мэдээлжээ.

Анх 2018 онд Сибирийн зүүн хойд хэсгийн Белая Гора хэмээх газраас олдсон шувуу нь эмэгчин шоорон эвэрт болжмор болохыг тогтоосон байна.

Энэ шувууны хоёр дэд төрөл зүйл өнөөдөр байгальд байдаг. Тэдний нэг нь Сибирьт нутагладаг бол нөгөө нь Монголын тал нутагт амьдардаг ажээ.

Эртний шувууг өнөөдрийн үр удамтай нь харьцуулах замаар өнгөрсөн хугацаанд дэлхийн уур амьсгал, байгаль орчин хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

Европ болон Азийн умард хэсэгт арслан заан, хирс зэрэг амьтад нутагладаг асар өргөн уудам тал газар оршиж байснаа сүүлийн мөстлөгийн төгсгөлөөр хойд хэсэг нь тундр, дунд хэсэг нь ой тайга, урд хэсэг нь тал газар болж хувирсан гэсэн онол байдаг.

Бие нь мөнх цэвдэгт сайтар хадгалагдсан шувууны өнөөдрийг хүртлэх эволюцийг судалснаар дээрх онолыг бататгах боломжтой гэж Шведийн эрдэмтэд мэдэгджээ.

Шведийн Стокгольмын их сургуулийн палеонтологийн төвийн судлаачид сүүлийн жилүүдэд Сибирийн мөнх цэвдгээс олон сонирхолтой олдвор илрүүлээд байна. Жишээ нь тэд 18,000 жилийн өмнө амьдарч байсан чоно/нохойны гөлөг, 50,000 жилийн өмнөх агуйн арслангийн зулзага, арслан зааны биеийн хэсэг зэргийг олсон юм.

 

Эх сурвалж: Fox News