Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур дүүргийн халдвартын эмнэлэг 30 ортой 15 тусгай тасаг бэлджээ

ikon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өчигдөр Багануур дүүргийн халдвартын эмнэлэгийн бэлэн байдлыг шалгалаа.

Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн гурван аймгийн иргэд болон төв аймгийн сумдад үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлогтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд мэдээллээ.

Багануур дүүргийн халдвартын эмнэлэг нь COVID-19/Корона/ вирус илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ортой 15 тусгай тасгийг бэлэн байдалд байлгаж байгаагаа танилцуулав.

Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайхан эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч мэргэжилтнүүдэд захилаа.

Өдөр бүр 1,000 амны хаалт оёж байна

 

Хотын дарга мөн тус дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд очиж ажиллалаа. Энэхүү жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд иргэд хямд түрээсээр өөрсдийн ажлын байртай, байнгын захиалагчтай болох боломжтой төдийгүй тус төвөөс цөөнгүй аж ахуйн нэгжүүд өсөж, хүнс болон ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, дүүргийнхээ болон нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн тухай дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир тайлбарлав.

Тус төвөөс ажил бизнесийн гараагаа эхлүүлж байсан оёдлын үйлдвэрүүд “Багануур” ХК-ий ажилчдын хувцас, дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын форм, биеийн тамирын хувцсыг нийлүүлдэг болжээ.

 

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед дээрх төвийн 17 оёдолчин угааж индүүдээд дахин ашиглаж болохуйц өдөрт 1,000 ширхэг амны хаалт хийж, дүүргийнхээ төдийгүй нийслэлчүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.