Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийнхэн зардлаа хэмнээд, төсөвт ачаалал үүрүүлэхгүй байхаар төлөвлөж байна"

ikon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийтийн тээврийн салбарт үүссэн өр, авлагын тухай  авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв.

Танилцуулгыг Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 8.1 тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байгаа нь нийтийн тээврийн салбарыг хүнд байдалд оруулж байгаа аж. Тухайн өр, төлбөр нь хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалан үүсжээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүд хуучирсан эвдрэл гэмтэл ихтэй, дизель түлшний онцгой албан татвар, валютын ханш өссөн, хуучин “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын  2012 онд хийсэн гэрээний дагуу троллейбусны зохиогчийн эрхийн  төлбөрт 2018 оны Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 0727 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1,306 тоот магадлалаар 1.8 тэрбум төгрөг төлж барагдуулснаас дээрх өр хуримтлагдсан аж.

Хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт санал хэлэв. Тэргүүлэгчдийн олонх нь нийтийн тээврийн компаниудын менежментийг шүүмжилж байв. Улмаар 2012 оноос хойш өр төлбөр хуримтлагдтал явсан байдлыг цаашид засаж залруулан нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай гэж үзэв.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Эрдэнэбат: -Зорчигч тээврийн компаниудын авлага хэр байна вэ,  нийтийн тээврийн компаниуд дампуурах хэмжээнд хүрчихсэн юм биш биз. Санхүүгийн зохистой харьцааны тооцоолол байгаа юу, өргөн барьсан төслийг дэмжиж байна. Зориулалт, зарцуулалтыг өөрчлөх бус зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх гэж байгаа учраас шийдвэрлээд явах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү: -Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа 1,000 гаруй автобусын 80 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Энэ онд нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийхээр төсөв суулгасан. Хуучин автобуснууд сэлбэг хэрэгсэлдээ их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. Нийтийн тээврийнхэн тэвчиж болох зардлаа хэмнээд, төсөвт ачаалал үүрүүлэхгүй байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Батчимэг: -Нийтийн тээврийн салбарт үүссэн өр авлага их байна. Энэ үүссэн 8.1 тэрбум төгрөгийн өрийг хэн хариуцах ёстой вэ?

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдлага хариуцна. 2012, 2013 оноос эхлэлтэй. Нийтийн тээвэрт смарт картыг нэвтүүлсэнээс үүдсэн өр их бий.

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч С.Түмэн-Ундармаа: -Зорчигч тээврийн нэгтгэл 2014 онд нэгдэхдээ дөрвөн тэрбум төгрөгийн өртэй нэгдсэн. Смарт системд шилжихэд 2015 онд өрийн хэмжээ 2.5 тэрбум болтлоо буурсан. 2016 онд 6.2 тэрбумын өртэй хүлээж авсан. 2017 онд энэ өрийг дөрвөн тэрбум болтол бууруулсан. Бидний өөрсдийн үйл ажиллагаанаас хамаарахгүй гэнэтийн өр төлбөрийн асуудал үүсэн тул өнөөдөр асуудлыг танилцуулж байна. Гэнэтийн өр төлбөр гэдэг нь цахилгаан тээврийн шүүхийн асуудал, смарт картын системд шилжсэнээр орлого буурсан нь өнөөдрийн энэ өр үүссэн.

Нийслэлийн Засаг Даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр  орлогч Ж.Батбаясгалан: -Нийтийн тээвэр бол үнийг нь хүчээр барьж ачааллыг нуруун дээрээ авч яваа салбар. Үнэ тарифын асуудалтай үүссэн өр төлбөрийн асуудлыг өнөөдөр ярьж  байна. Бид буруу хайхаас илүүтэй асуудлаа шийдвэрлээд явах нь зүйтэй.

Нийслэлийн ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлээний зориулалтаар  нийт 19,200 куб метр гишүү мөчир, улинги бэлтгүүлэн, нийслэлийн төсөвт 154 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Энэ өмчит үйлдвэрийн газрын дарга нар ойлго. Айлын эрх хүүхэд шиг зориуд ийм асуудал үүсгээд дараа нь урвайгаад суудаг. Ардаа нэг том шантаажтай. Та нар шийдэхгүй бол ажил хаяна гэж айлгадаг. Өөрсдөө менежмент үйл ажиллагаагаа сайжруулдаггүй. Үүний ард нийслэлийн 1.5 сая хүн хохирох ёсгүй. Тиймээс  өнөөдөр асуудлыг шийднэ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид саналаа хэлж, нийслэлийн 2020 оны төсөвт батлагдсан машинт цагийн зардлын санхүүжилтээс урьдчилан санхүүжүүлэхээр боллоо.  

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгын танилцуулснаар 2016-2019 нийт 1,137 га талбайд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолтыг явуулж нийт 27,400 куб метр модыг бэлтгэжээ.

Нийслэлийн ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлээний зориулалтаар  нийт 19,200 куб метр гишүү мөчир, улинги бэлтгүүлэн, нийслэлийн төсөвт 154 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Харин энэ онд нийслэлийн ногоон бүсийн 230 га газраас 5,100 куб метр мод бэлтгэхээр төлөвлөснийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэвжив.

Тэргүүлэгчдийн хурлын төгсгөлд Сонгуулийн саналын хуудас устгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар уламжлал ёсоор Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо. 2019-2020 оны халаалтын улиралд айл өрхүүдийг 600.0 мянган тонн сайжруулсан түлшээр хангана гэж тооцоолсноос одоогийн байдлаар 365.162 тонн түлш үйлдвэрлэн, иргэдэд нийлүүлжээ.

Шахмал түлшний үнийг тонн тутам 150,000 төгрөг, борлуулалтын тонн тутамд 15,000 төгрөгийн урамшуулал олгох тухай Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 19/12 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжаар түлш борлуулагч  иргэдийн ажлын байрыг баталгаажуулах, түлшний үнийн хөөрөгдлөөс  сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилласан байна. Түүнчлэн 2019 оны арванхоёр дугаар сарын 25-ны байдлаар 1,897,961,708 төгрөгийн урамшуулал олгосон ажээ.

Сайжруулсан шахмал түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гадаадын гурван лабораторид шинжлүүлэхэд  хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой  сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй  химийн элемент, эрдэс илрээгүй, ахуйн хэрэгцээнд аюулгүй гэж гарсан тухай нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцлов.

Агаарын чанарын тухайд 2020 оны нэгдүгээр сард PM10 тоосонцор 120 мкг/м3-ээр буюу 48 хувиар буурсан, PM2 тоосонцор 91 мкг/м3-ээр буюу 47 хувиар тус тус буурсан байна. Харин хоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдийн агаар бохирдуулагч PM10, PM2 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад  РМ10 тоосонцор 192мкг/м3-ээр буюу 45.2 хувиар, РМ2.5 тоосонцор 175 мкг/м3-ээр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Угаар мэдрэгч төхөөрөмжийн тухайд нийт зургаан дүүргийн 41 хороонд 69,980 мэдрэгчийг иргэдэд тараажээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хэвийн байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 398 цэг ажиллаж байна. Хангамжийн 10 бааз, 17 дундын бөөний төвд савлах төхөөрөмж байршуулж, 1,000 гаруй ажилтныг бүртгэлжүүлж ажиллуулж байгаа гэв.

Мөн сайжруулсан шахмал түлш худалдан авсан иргэдэд НӨАТ-ын баримт өгөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва:  "Жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан нийслэлчүүдийг энэ жил 600 мянга орчим тонн сайжруулсан түлшээр хангасан явдал бол амжилт. Бидний ажлыг хамгийн их дэмжиж ажилласан хүн бол нийслэлийн 1.5 сая иргэн байсан. Бид нийслэлчүүдийнхээ дэмжлэгтэйгээр утааны асуудлаасаа салж чадлаа. Цаашдаа энэ ажлаа улам сайжруулахын тулд төлөөлөгчдөөс гарч байгаа түлшний хүрэлцээний асуудал, угаар мэдрэгчийн асуудал зэрэг бусад асуудлыг сайтар судалж, сайжруулж ажиллаарай” гэв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ