Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Миний цэцэн хурга” хүүхдийн жүжиг гуравдугаар сарын 17-ноос бүх IPTV-ээр гарна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, үндэсний урлагийн "Цагаан лавай" чуулгатай хамтран хүүхдийн контентыг нийтэд хүртээх тал дээр хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл нийтэд хүргэхийг чиглэл болгосон уриалгыг “Цагаан лавай чуулга” дэмжин “Миний цэцэн хурга” шинэ уран бүтээлээ хүүхэд багачуудад  бүх IPTV-ээр хүргэхээр болжээ.

“Миний цэцэн хурга” уран бүтээл гэртээ байгаа хүүхдүүдэд цоо шинээрээ хүрнэ

 
Mpa.mn

Энэ талаар “Миний цэцэн хурга” хүүхдийн уран бүтээлийн Ерөнхий продюсер Ц.Цагаанхүү хэлэхдээ “Ханиад томуугийн улмаас хүүхэд багачууд гэртээ өнжиж, үндэсний урлагийн контентуудыг төдийлөн үзэж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон энэ үед хүүхдүүд соёл урлагийн үйлчилгээг театрт үзэх боломжгүй байна. Тиймээс "Цагаан лавай" чуулга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлагийн цоо шинэ бүтээлээ IPTV сувгуудад байршуулахаар боллоо.

Өнөөгийн түгээмэл хандлагаар шинэ уран бүтээлээ театрын тайзнаа тоглож, кино театраар гаргаж тодорхой хэмжээний орлого олсныхоо дараа IPTV -гээр гаргадаг.

Харин бидний “Миний цэцэн хурга” уран бүтээл театрынхаа тавилт стандартын хүрээнд цоо шинээрээ гэртээ байгаа хүүхдүүдийн хүртээл болох гэж байна.

Уг нь тайзны бүтээл гэдэг тайзан дээрээ тоглогдохдоо л үнэ цэнэтэй байдаг хэдий ч бид нөхцөл байдлыг хүндэтгэн аль болох хүүхэд багачууддаа хүртээмжтэй, эерэг контент үзүүлэх хүсэлтэй ажиллаж байна" гэлээ.

Мөн тэрбээр "“Миний цэцэн хурга” өөрөө Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн дуулалт, бүжгийн жүжиг юм. Монгол ардын үлгэр бол эх дэлхийгээ хайрлах, эх орноо хамгаалах, энэрэнгүй сайхан сэтгэлийг харуулсан хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц өргөн утгыг агуулж байдаг.

Түүнээс гадна хүүхдүүд тус уран бүтээлээс маш олон дуу, бүжгийг сурах боломжтой. Цаашид бид хүүхдүүдийн тус жүжгээс сурсан дуугаар нь улсын уралдаан зарлах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн онцлов.

Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын зүгээс цаашид ч хүүхдэд зориулсан цуврал бүтээлийг бодлогын хувьд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn

“Миний цэцэн хурга” хүүхдийн уран бүтээл нь таван хошуу мал, амьтнаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг арга ухаан, ухамсар сэтгэхүйгээрээ тунгаах, амтай бүхнийг энэрэнгүй нинжин сэтгэлийн ач тусын тухай өгүүлэх бөгөөд гуравдугаар сарын 17-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.